ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээллээр өчигдөр тус улсад 16 мянга гаруй халдвар шинээр бүртгэгдэж, 770 хүн нас баржээ.
Тус байгууллагын бүртгэл мэдээллээр тавдугаар сарын 27-ны өдрийн байдлаар АНУ-д нийт 99 мянга гаруй хүн халдварын улмаас нас барсан байна.
Харин Жонс Хопкинсийн их сургуулийн бүртгэлийн мэдээллээр дээрх тоо аль хэдийн 100 мянгыг даваад байгаа юм.
Бүртгэгдсэн тохиолдлын тоогоор АНУ-ын Нью-Йорк, Нью Жерси, Калифорни зэрэг мужууд эхэнд бичигдэж байна.
Халдварын тохиолдлын тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа нь Бразил улс байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус улсад 20,599 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 411 мянгыг даваад байна.
Үүнээс эдгэрсэн хүн 166 гаруй болсон бол идэвхтэй халдвартай хүний тоо одоогоор 219 мянга орчим байгаа юм.
Мөн өдөр нас баралтын тохиолдол 1,086-аар нэмэгдэж, халдварын улмаас 25,200-д нас баржээ.
ОХУ-ын хувьд өмнөх өдрүүдийн нэгэн адил тогтвортойгоор шинэ халдварын тоо нэмэгдэж, 8,000 гаруй шинэ халдвар бүртгэгджээ.
Ингээд тус улсын нийт халдвар авсан хүний тоо 370,600 гаруй болсон байна.
Түүнээс гадна өчигдөр тус улсын Эрүүлийг хамгаалах яамнаас гаргасан тушаал шийдвэрийн дагуу шинж тэмдэггүй халдварын тохиолдлуудыг шинэ тохиолдлын тоонд оруулан бүртгэхээ больж байгаа аж.
ОХУ-д COVID-19 халдвар оргил үедээ хүрсэн гэж эрх баригчид үзэж байгаа тул зургаадугаар сарын 1-нээс эхлэн Москва хотод мөрдөгдөж буй хязгаарлалтын арга хэмжээнүүдийг үе шаттайгаар цуцалж эхлэхээр шийдвэрлэжээ.
Харин тус улсын Умард Кавказ бүс нутаг дахь Дагестаны бүгд найрамдах улсад халдварыг хяналтдаа авч чадаагүй, нөхцөл байдал нь хүнд хэвээр байгаа учир цэргийн хээрийн эмнэлэг дэлгэхээр болсон байна.
Номхон далайн баруун бүсийн БНСУ-д Лхагва гарагт 79 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Шинэ тохиолдлуудын 68 нь дотоодынх нь халдвар байгаа юм.
Өчигдөр мэдээлж байсан цахим худалдааны компанийн агуулахаас эх уурхайтай халдварын голомтоос Лхагва гарагийн байдлаар 69 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
Дээрх голомт нь шөнийн клубийн голомтод халдвартай тархвар зүйн хувьд холбоотой эсэхийг судалж байгаа бөгөөд хараахан тогтоогоогүй байна гэж тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлсэн байна.
Видео: