Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн өөртөө засах статус үгүй болсныг Трампын засаг захиргаа зарлав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр конгресст мэдэгдэл хийхдээ Хонг Конгийн өөртөө засах статус устсан гэж дүгнэжээ.

Ингэснээр Хонг Конгийг Хятадын эх газраас хамааралгүй гэж үзээд эдийн засаг, худалдааны онцгой нөхцөл олгодог Вашингтоны бодлого өөрчлөгдөж магадгүй боллоо.

“Өнөөдрийн бодит байдал дээр үндэслээд хэн ч Хонг Конгийг Хятадаас хамааралгүй, өөртөө засах онцгой статустай гэж үнэлэх боломжгүй болжээ. Ингэж дүгнэхэд надад хэцүү байгаа ч бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн бодлого шаардлагатай болж байна” гэж Помпео мэдэгджээ.

Энэ мэдэгдлийн дараа Трампын засаг захиргаа Хонг Конгийн эсрэг хориг арга хэмжээ зарлах боломж нээгдэж байгаа юм.

“АНУ эрх чөлөөт, хөгжингүй Хонг Конгийг эх газрын Хятадад үлгэр загвар болно гэж найддаг. Харин өнөөдөр Хятад улс Хонг Конгийг өөр шигээ болгохыг зорьж байгаа нь тодорхой боллоо” гэж Помпео ярьжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын конгрессоор батлагдсан Хонг Конгийн Хүний Эрх, Ардчиллыг Хамгаалах хуулийн хүрээнд Цагаан ордны засаг захиргаа жил бүр тус хотын статусыг үнэлэх ёстой.

Хэрвээ Хонг Конг нь Хятадаас хамааралгүй оршин тогтнож чадахгүй байна гэж үзвэл үүнд нөлөөлсөн хувь хүн, байгууллагуудад Вашингтоны зүгээс эдийн засгийн янз бүрийн хориг зарлах, визний хоригт тавих боломжтой юм.

Гэхдээ ийм арга хэмжээ авбал Хятадыг шийтгээд зогсохгүй, Хонг Конгчууд адилхан хэлмэгдэх, мөн Хятадад бизнес эрхэлдэг АНУ-ын компаниуд хохирох тул Трампын засаг захиргаа тийм түргэн арга хэмжээ авч чадахгүй гэж зарим судлаачид үзэж байна.

“Ийм алхам нь цөөн тооны радикал үзэлтнүүдэд сайхан завшаан болно гэж би бодож байна. Харин Хонг Конгийн өөрийнх нь ирээдүйд сайнаар нөлөөлөхгүй” гэж Олон Улсын Стратеги Судлалын Төвийн Хятадын төслийн захирал Бонни Глэйсер ярьж байна.

АНУ-Хятадын хооронд олон салбарт зөрчил маргаан үргэлжилж байгаа. Үүнд худалдааны дайн, тагнуулын хэргүүд, Хуавэй компанийн 5G технологитой холбоотой зөрчил, Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан, коронавирусийг тараасан тухай маргаан зэргийг үүнд дурдаж болно.

Энэ долоо хоногт Бээжинд хуралдаж байгаа Бүх Хятадын Ардын Их Хурлын Төлөөлөгчдийн чуулганаар Хонг Конгийг салан тусгаарлах оролдлогыг цэргийн хүчээр таслан зогсоох хуулийн төсөл батлагдаж болзошгүй байна.

1997 онд Британиас Хятадад шилжих үедээ Хонг Конгийн эдийн засаг нь эх газрын эдийн засгийн 18 хувийг бүрдүүлдэг байжээ. Харин энэ тоо өнөөдөр 4 хүрэхгүй хувьтай болоод байна. Сүүлийн жилүүдэд Бээжингийн эрх баригчид компаниудыг Хонг Конгоос Шанхай руу шилжүүлэх бодлого барьж байгаа.

Тиймээс Хонг Конгийн өөртөө засах статусыг устгаснаар хэр их хохирол амсахаа Хятадын удирдагчид тооцоолсон байгаа гэж судлаачид дүгнэж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post