Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Нэр төрөө хамгаалахын тулд 14 настай охиныхоо амийг хөнөөсөн эцгийн хэрэг Ираны нийгмийг доргиож байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Гэр бүлийнхээ нэр хүндийг аврах зорилгоор эцэг нь танихгүй эр хүнтэй гэрээсээ оргосон 14 настай охиныхоо толгойг тасдсан хэрэг өчигдөр ил болсон нь Ираны нийгмийг доргиож байна.

Нийслэл Тегеранаас баруун хойд зүгт 320 км зайтай оршдог Талеш хотын оршин суугч Реза Ашрафиг уг хэргийн сэжигтнээр баривчилжээ.

Тэрбээр 34 настай эрэгтэйтэй гэрээсээ оргосон 14 настай охин Роминагийн толгойг унтаж байхад нь хадуураар тасдан амийг нь бүрэлгэжээ.

Ойрх Дорнодын шашны хуучинсаг ёс ноёрхдог орнуудад гэр бүлийнхээ нэр төрийг аврахын тулд төрсөн гэрээсээ оргосон охин хүүхдийн амийг эцэг нь хөнөөх явдал гардаг.

Ромина гэрээсээ оргосноос таван өдрийн дараа олдож, цагдаа нар эцэгт нь хүлээлгэн өгч байжээ. Хохирогч охин гэртээ буцаж харихаас айж байгаагаа цагдаа нарт ярьж байсан гэнэ.

Өчигдөр Ираны гол хэвлэлүүдийн тэргүүн нүүрэнд уг хэргийн тухай мэдээ нийтлэгдэж, сошиал сүлжээнд #RominaAshrafi хаштагтай хэлэлцүүлэг өрнөж, нэр төрийн аллагад оноох шийтгэлийг чангалахыг иргэд уриалжээ.

Нэр төрийн аллага үйлдэгчийг хатуу шийтгэх хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа ч батлагдалгүй олон жил хойшлогдсоор ирсэн юм байна.

Өчигдөр Ираны ерөнхийлөгч Хассан Рухани холбогдох хуулийн төслийг боловсруулж, яаралтай батлуулахыг засгийн газрын сайд нартаа даалгажээ.

Ираны хуулиар 13 нас хүрсэн эмэгтэйтэй гэр бүл болохыг зөвшөөрдөг юм. Гэхдээ бодит амьдрал дээр иран эмэгтэйн дундаж гэрлэх нас 23 байна.

Нэр төрийн аллагад хэчнээн охид бүсгүйчүүд өртдөг талаар Иранд албан ёсны тоо баримт байхгүй.

Одоогийн хуулиар Роминагийн эцэг 10 хүртэл жил шоронд хоригдох ял сонсох юм байна. Гэхдээ энэ хэргийг тусгай шүүхээр шүүх гэж байгааг Ираны хууль зүйн яам өчигдөр мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP