Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын удирдагчид амны хаалтны талаар маргалдаж байх хооронд Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо 100,000 хүрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт АНУ-д коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 100,000-ын босгыг давлаа. Энэ нь ердөө дөрвөн сарын дотор хүрсэн тоо юм.

Нийт халдварын батлагдсан тоо нь 1.7 саяд ойртжээ. Өчигдөр Associated Press агентлагаас явуулсан санал асуулгын үр дүн нийтлэгдсэн ба үүнд оролцсон америкчуудын 50 хувь орчим нь хэрвээ Covid-19 өвчний эсрэг вакцин гарвал хамрагдана гэж хариулсан байна.

Эндээс АНУ-ын олон нийт коронавирусийн цар тахлын аюулыг төдийлөн ойшоохгүй байгаа нь харагджээ.

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, түүнтэй ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд өрсөлдөх Жо Байден нарын хооронд амны хаалт зүүх, зүүхгүй талаар маргаан өрнөж байна.

Даваа гарагт болсон дайнд амь үрэгдсэн цэргүүдийг дурсах өдрийн арга хэмжээнд оролцохдоо Жо Байден амны хаалт зүүсэн байв.

Бүгд Найрамдах намын талыг баримталдаг Fox News сувгийн хөтлөгч Байдены зургийг твиттер хуудсандаа нийтлээд “Трамп амны хаалт зүүх дургүй байдаг нь аргагүй юм” гэж элэглэжээ.

Дональд Трамп энэ элэглэлийг тэр дор нь өөрийн твиттер хуудсанд дахин нийтэлсэн юм.

Харин Мягмар гарагт Жо Байден CNN сувагт ярилцлага өгөхдөө амны хаалт зүүснийг нь шоолсон Трампыг “жинхэнэ тэнэг” гэж нэрлэсэн байна.

“Ерөнхийлөгч хүн бусдыг манлайлж, үлгэрлэх ёстой. Тэнэг зан гаргаж, хуурамч хүчирхэг дүр эсгэх ёсгүй” гэж тэр Трампыг шүүмжилжээ.

Өчигдөр АНУ-ын халдварт өвчин судлалын хамгийн том мэргэжилтэн гэгддэг, доктор Энтони Фаучи амны хаалт зүүх нь цар тахлын үед иргэний үүргээ биелүүлж байгаа хүний таних тэмдэг юм гэж ярьсан байна.

“Амны хаалт нь өөрийгөө болон бусдыг хамгаалах ач холбогдолтойгоос гадна үүргээ гүйцэтгэж байгаа хариуцлагатай иргэний бэлгэдэл, таних тэмдэг юм” гэж тэр CNN сувагт ярьжээ.

Дэлхийд хамгийн олон халдварын батлагдсан тоотой 10 орны тоо баримтуудыг Жон Хопкинсийн их сургуулиас гаргаснаар хүргэж байна.

  Улс Халдварын тохиолдол Эндэгдэл Харьцаа
1 АНУ  1,695,776   100,047  6%
2 Бразил  391,222   24,512  6%
3 ОХУ  370,680   3,968  1%
4 Их Британи  268,616   37,542  14%
5 Испани  236,259   27,117  11%
6 Итали  231,139   33,072  14%
7 Франц  183,038   28,599  16%
8 Герман  181,524   8,428  5%
9 Турк  159,797   4,431  3%
10 Энэтхэг  150,793   4,344  3%
  Дэлхийд  5,619,589   352,550  6%

Эх сурвалж: AFP, CNN