Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр батлагдсан долоон шинэ тохиолдол нь ОХУ-аас ирсэн оюутнууд

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллийн хурлаа хийв. 

Өчигдөр буюу тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан оюутан, тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрснээр долоон шинэ тохиолдол өнөөдөр бүртгэгдэв. Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдлын тоо 148 болоод байна.

Тэднээс 43 нь эдгэрч, ХӨСҮТ-өөс гарснаар 105 хүн үргэлжлүүлэн эмчлэгдэж байгаа юм. 

Эрүүл мэндийн яамны мэдээллийн дараагаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Эмчлүүлэгсдийн биеийн байдал ямар байна вэ?

-105 хүн эмчлэгдэж байгаагаас 100 хүний биеийн байдал хөнгөн байна. Таван хүн хүндэвтэр байгаа. 

-Архаг хууч өвчтэй хүн бий юу?

-Эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн дунд жирэмсэн эмэгтэй хоёр, элэгний хавдартай нэг хүн байна. Бусад нь залуучууд.

-Манай улсад зөөвөрлөгдсөн орж ирсэн тохиолдлуудад илэрч буй нийтлэг шинж тэмдэг юу байна вэ. Содон улстай харьцуулахад өвөрмөц шинж тэмдэг илэрч байна уу?

-Коронавирусийн үед илэрдэг шинж тэмдгүүд адил илэрч байна. Дэлхийн улс орнуудад халдвар авсан өвчтөнүүдийн 80 гаруй хувь нь хөнгөн явцтай, 15 гаруй хувь нь хүндэвтэр болон маш хүнд явцтай байгаа.

Манайд илэрч буй гол шинж тэмдэг бол халуурахаасаа өмнө ханиах, хамар битүүрэх, дотор муухайрах, толгой өвдөх гэсэн шинж тэмдгүүд дийлэнхдээ илэрч байгаа. Мөн 5-6 хоногийн дараа томографаар харахад уушгинд хатгаа сүүдэр гарч байна.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.