Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Нэг өвчтөний эмчилгээний дундаж хугацаа 30 хоног байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдвараар өвчилсөн нь батлагдаж эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн биеийн байдал, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 8-наас хойш 8,000 орчим хүнд тандалт судалгаа хийж, шинжилгээ авсан. Тандалт судалгааны ажлаас гадна иргэдийг тусгаарлахын өмнөх ангилан ялгалт хийх ажлыг долоон баг хариуцан ажиллаж байгаа. Нийт 287 сэжигтэй тохиолдлыг шинжилсэн бөгөөд бүх тохиолдолд онош үгүйсгэгдсэн.

Гуравдугаар сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан 148 тохиолдол байна. Нийт тохиолдлын 94 буюу 63 хувь эрэгтэй. Халдвар авсан 8-65 насны хүмүүс байгаа бөгөөд дундаж нас 24.

Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудын 86.4 хувь ОХУ-аас бусад тохиолдол гадаадын есөн орноос орж иржээ.

Эдгэж гарсан 43 хүн байгаа. Нэг өвчтөний эмчилгээний дундаж хугацаа 30 хоног байна. Эдгэрсэн хүмүүс 10-55 хоногийн эмчилгээ хийлгэсэн. 43 хүний 28 нь одоогоор сувилалд, 4 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 10 хүн гэрийн ажиглалтын хугацаа дууссан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 105 хүн байна.

Улсын хэмжээнд нийт 6 лабораторид давхардсан тоогоор 13,900 шинжилгээ хийсэн. Өвчтөний шинжилгээ өдөр бүр, тандалтын шинжилгээ 1-5 удаа хийгдэж байгаа. Мөн хилийн боомтууд дээр тандалтын зорилгоор ачаа тээврийн жолооч нарыг шинжилгээнд хамруулж байна.

ХӨСҮТ-ийн клиник тасагт зургаан баг ажиллаж байгаа бөгөөд нэг баг таван хүнтэй. Өнөөдрийн байдлаар 40 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд эмчилгээн дээр ажиллаж байна. ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 20 гаруй хүн цаг наргүй ажиллан шинжилгээ хийдэг.

Өнөө өглөө ирсэн 340 зорчигчоос 40 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Зорчигчдын дийлэнх нь оюутан, сурагчид бөгөөд манайд хэвтсэн 40 хүний 27 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй" хэмээх мэдээллийг өглөө.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/610626069542192/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.