Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Африк гаралтай эрэгтэйг цагдаад “ховлосон” эмэгтэй ажлаасаа халагджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт АНУ-д нэгэн видео бичлэг сошиал сүлжээнд тарсныг өнөөдрийн байдлаар 36 сая гаруй хүн үзээд байна.

Уг бичлэгт үзүүлснээр Нью Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнд шувуу ажиглаж байсан африк гаралтай эрэгтэй нохойгоо уяхыг цагаан арьст эмэгтэйгээс хүссэн байна. Гэтэл эмэгтэй эсэргүүцсэн тул гар утасны камераар бичлэг хийж эхэлжээ.

Эмэгтэй бичлэгээ зогсоохыг шаардаж, цагдаа дуудахаар сүрдүүлсэн байна. Ингээд тэр “Африк гаралтай эрэгтэй миний амь насанд заналхийлж байна” гэж утсаар цагдаад мэдээлжээ. Удалгүй уурлаж бухимдсан эмэгтэй өөр рүү нь яаралтай цагдаа ирүүлэхийг шаардан хашхирч эхэлсэн байна.

Цэцэрлэгт хүрээлэнгийн энэ хэсэгт шувуу судлаачид цуглардаг бөгөөд шувуудыг айлгаж, үргээхгүйн тулд нохойндоо заавал уяа, хүзүүвч зүүлгэх журамтай ажээ.

Бичлэг тарсны дараа Эми Купер гэгч энэ эмэгтэй NBC News сувгаар олон нийтээс уучлал гуйж байв. Эмэгтэйн ажилладаг хөрөнгө оруулалтын томоохон компани Franklin Templeton түүнийг ажлаас нь халснаа Мягмар гарагт зарлажээ.

“Төв цэцэрлэгт болсон хэрэг явдлыг дотооддоо шалгаж нягталсны эцэст бид ажилтныхаа хөдөлмөрийн гэрээг дуусгах шийдвэр гаргалаа. Franklin Templeton арьс өнгөөр ялгаварлах үзлийн ямар ч хэлбэрийг тэвчихгүй гэдгээ илэрхийлж байна” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Сүүлийн өдрүүдэд гэмгүй африк гаралтай залуугийн амийг цагдаа нар бүрэлгэсэн гэмт хэрэг америкчуудын анхаарлын төвд ороод байгаа.

Хоёрдугаар сарын 23-ны өдөр Жоржиа мужийн Брунсвикт гадаа гүйж байсан зэвсэггүй, 25 настай Ахмауд Арбэрийг хоёр цагдаа гэмт хэрэгтэнтэй андуурч буудан хөнөөсөн нь сүүлд задарсан видео бичлэгээр илэрсэн юм. Залууг буудсан хоёр цагдааг баривчлаад мөрдөн шалгаж эхлээд байна.

Арбэрийн аллагыг шалгаж, гэм буруутанд шийтгэл оноохыг шаардсан хөдөлгөөн америкчуудын дунд өрнөж, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден, NBA-гийн од Леброн Жэймс зэрэг алдартнууд нэгдээд байгаа юм.

 

Эх сурвалж: BBC, Business Insider