Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтүшиг: БНХАУ-аас 164 иргэнээ Замын-Үүд боомтоор ойрын хугацаанд татан авна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын тархалтын улмаас гадаад улсад гацсан, эрүүл мэндийн шалтгаантай болон эдийн засгийн нөхцөл нь хүндэрсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ эх оронд нь татан авах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна.

Он гарснаас хойш хугацаанд 8,498 иргэнээ зохион байгуулалттайгаар татаад байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн.

Харин дараагийн тусгай үүргийн нислэгийг хийхдээ тусгаарлах байр болон эмнэлгийн байгууллагын ачааллыг харгалзан товлох тухай Улсын Онцгой комиссын Шуухай штабаас өнөөдөр мэдэгдлээ.

Мэдээллийн дараагаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-БНСУ-д богино хугацааны визээр зорчсон иргэдийг визийг хэрхэн сунгаж байна вэ?

-47-48 мянга орчим иргэн тус улсад оршин сууж байгаагаас богино хугацааны визээр зорчсон иргэд нэлээд бий.

Харин хөдөлмөрийн гэрээгээр очсон хүн 6,000 гаруй бий. Визний ангилал бүр өөр өөр.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаагаа сунгасан тухай мэдээллийг бид Солонгосын талд тухай бүрт нь өгдөг. Мөн МИАТ-ийн нислэгүүд хойшилсон тухай мэдээллийг МИАТ-ийн төлөөлөгчийн газар иргэдэд өгч байгаа. Эдгээр бичгийг үндэслэн тус улсын Гадаадын иргэн харьяатын газраас манай иргэдийн визийг сунгадаг. 

-ОХУ-аас нэлээд оюутанг татан авч байна. Тэднийг тусгаарлах байрыг хэрхэн зохион байгуулсан бэ?

-Дөрөвдүгээр сарын 30-н, тавдугаар сарын 1, 3-нд гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн байр чөлөөлөгдсөн учраас ОХУ-аас 700 гаруй иргэнээ татан авч байна. ОХУ-д байгаа иргэдээ тэргүүн ээлжид татан авах шаардлага зайлшгүй бий.

Дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдлын тоо 5.5 сая болсон. Үүнээс хамгийн их тархсан орнуудын жагсаалтад ОХУ гуравдугаарт байна. Тэр дундаа манай улсын оюутнууд түлхүү суралцдаг Москва, Санкт Петербургт ОХУ-д бүртгэгдсэн нийт халдварын тал хувь нь оногдож байгаа. Оюутнуудын амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас УОК-оос тэргүүлэх ач холбогдол өгсөн.

-ОХУ-д хэдэн монгол иргэн байдаг вэ. Үүнээс хэд нь эх нутагтаа буцаж ирэв?

-Бидний тооцоогоор ОХУ-д 4,000 орчим монгол иргэн бий. Үүний дийлэнх нь буюу 3,000 гаруй нь оюутан. Хоёрдугаар сарын сүүлээс эхлээд тус улсаас оюутнуудаа татан авсан. Энэ хугацаанд 2,000 гаруй оюутнаа эх оронд нь авчирлаа. Үлдсэн оюутнуудаас 1,047 нь хүсэлт гаргасныг авч байна. 

Өнөөдрийн онгоцоор нэг настай хүнийг авчрах байсан ч визийн зөрчилтэй байсан тул Оросын тал суулгаагүй.

-Цаашид тусгай үүргийн нислэг хийх хугацаагаа товлосон уу?

-Тусгаарлах байрны нөөц, халдварын тоо хэрхэн нэмэгдэхтэй уялдуулах учир мэргэжлийн байгууллагаас зөвлөгөөг авч байж дараагийн нислэгийг хийнэ. 

-Сонгуулийн санал авах өдөр тусгаарлах байрыг хоосон байлгах чиглэлийг барина гэсэн. Тэгэхээр тусгай үүргийн нислэгийг түр зогсоох уу?

-Гадаад улсаас иргэдээ татан авах ажил тасралтгүй үргэлжилнэ. 

-Хил хааснаар томоохон бүтээн байгуулалтын ажлууд зогсож байна. Үүн дээр ямар нэг арга хэмжээ авах уу?

-Хятадын тал хилээ хаасан. Гадаадын иргэн хилээрээ нэвтрүүлэхгүйгээс гадна хилээрээ гаргахгүй байгаа.

Онцлон дурдахад, БНХАУ-аас нутаг буцах хүсэлтээ гаргасан 164 иргэний асуудлыг Хятадын талтай ярилцаж байна. Ойрын хугацаанд Замын-Үүд боомтоор татаж авах хугацааг товлохоор ажиллаж байна. 

-Ойрын хугацаанд Турк руу онгоц явуулах уу?

-Турк руу саяхан тусгай үүргийн нислэг үйлдсэн. Бид ээлж дараатайгаар давтамжийг хадгалж, дэлхий даяар тархсан монголчуудад тэгш боломжийг олгохоор ажилладаг. Газар бүрт нөхцөл байдал харилцан адилгүй байна. Турк руу саяхан нислэг үйлдсэн тул дахин ойрын хугацаанд явуулах боломжгүй. 

-Онгоцны суудал дүүрч байгаа юу?

-Онгоцны суудал дүүрэн ирж байгаа.

Бүх зүйл бэлэн боллоо, суудлаа баталгаажуулна уу гэхэд эцсийн мөчид больдог хүмүүс бий. Энэ эрсдлийг тооцож, хэрэв суудлаа баталгаажуулахгүй бол дараагийн удаад хэнийг оруулахаа тооцоолж, хоосон суудал үлдээхгүйг хичээдэг.