Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: ОХУ-аас 560 иргэн ирнэ гэсэн урьдчилсан тооцоо гараад байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Москва-Улаанбаатарын онгоцоор 170 иргэн ирсэн. Нисэх баг найман хүний бүрэлдэхүүнтэй. Тэдгээр иргэдээс зургаан хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан.

Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ОХУ-аас ирэх иргэдийг хүлээн авах ажлыг шуурхай штабтай хамтран зохион байгуулж байгаа. Урьдчилсан байдлаар 560 иргэн ирнэ гэсэн тооцоо гараад байна.

Өнөөдрийн байдлаар 20 тусгаарлан ажиглах байранд нийт 1,119 иргэн байгаа. Харин гэрийн тусгаарлан ажиглалтад 878 иргэн байгаагийн 790 нь Улаанбаатар хотод байна. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан хяналт тавьж, утсаар зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд очиж тусламж үзүүлж байгаа.

Өчигдөр УОК-ын өргөтгөсөн хуралдаан болсон. Нийгмийн эрүүл мэндийн эрсдлийн найм дахь үнэлгээгээр халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж үзсэн учраас ЭМ-ийн сайд мэдээллээ УОК-т танилцуулан, шийдвэр гаргууллаа.

"ХУД-т баригдсан эх хүүхдийн эмнэлгийг хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангасан"

Эмнэлгийн тусламжийн бэлэн байдлаа хангахаар нийслэл болон орон нутгуудад эмнэлгүүдээ бэлтгэж байна. Тухайлбал, ХУД-т баригдсан эх хүүхдийн эмнэлгийг хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангасан. Мөн Түлэнхийн төвийн барилгын ажлыг эрчимжүүлэхээр чиглэл авсан. Тус эмнэлэг ашиглалтад орвол суурилуулах тоног төхөөрөмж бүрэн байгаа.

Өнөөдрийн байдлаар 1,815 дадлагажигч эмчээ сургаад байгаа. Мөн халдвар тархсан тохиолдолд эрчимт эмчилгээг удирдан ажиллах 145 эмчийг халдвар хамгаалал, сэтгэл зүйн сургалтад хамруулаад байна. Аймаг тус бүрээс хоёр сувилагчийг эрчимт эмчилгээний үеэр хэрхэн ажиллах сургалтад хамруулж, гарын авлагыг түгээсэн. ДЭМБ-аас гаргасан эрчимт эмчилгээний зааврыг орчуулан, түгээж байна" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/544874346419332/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.