Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Дөрвөн оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжлээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 25-нд гурван лабораторид нийт 193 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг Задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 18, тавдугаар сарын 14-нд Алтанбулаг боомтоор орж ирээд ахмадын сувилалд тусгаарлагдсан 24 хүнд давтан шинжилгээ хийсэн. 14-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэд 12 хоноод байгаа бөгөөд энэ хугацаанд 2-3 удаа давтан шинжилгээ хийж хянасан. Дорноговь аймгаас илрүүлсэн 17 тээврийн жолоочийн сорьцоос коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 10 хүнээс шинжилгээ авахад мөн коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт 19 жолоочоос, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, Орхонд тусгаарлагдсан 103 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдөр дөрвөн оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Москвагаас ирсэн эдгээр оюутнууд 42-43 хоног эмчилгээ хийлгэж, эдгэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 141 байгаа бол эдгэрсэн нь 37 болж байна. Эмчлэгдэж байгаа 104 иргэний биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 95, хүндэвтэр 9 хүн байгаа.

"Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн зургаан хүнийг сэжигтэй гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарласан"

Өнөө өглөө 06:30 цагт буусан Москва-Улаанбаатарын онгоцоор 170 зорчигч ирсэн. Үүнээс зургаан хүнийг сэжигтэй гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарласан бол Альфа зочид буудалд 49, Зүчи зочид буудалд 60, Дрийм зочид буудалд 55 иргэн тусгаарлалтад орсон" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/544874346419332/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.