Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Чоглоонамжил: Монголд мөнгөгүй хүн ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ байна

ikon.mn
2020 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

МҮОНРТВ-ийн нэвтрүүлэгчээр олон жил ажилласан Г.Чоглоонамжилтай таарч кофе уулаа. Энэ зуур бид хямралын эгзэгтэй цаг үеийн сэдвээр иргэний үзэл бодлоо хуваалцлаа.

Түүнийг нэвтрүүлэгч гэдгээр нь Монголын ард түмэн сайн мэдэх ч хувь хүний алсын хараа, үзэл бодлыг хараахан таньж амжаагүй. Телевизийн салбарын хүн боловч Төрийн удирдлагын чиглэлээр магистрийн боловсрол эзэмшжээ.

-Ам.долларын ханш 2,800 орчим төгрөг байна. Дэлхийн банкнаас танилцуулсан судалгаанаас харвал Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу буюу өдөрт 2 ам.доллартай тэнцэх мөнгө ( 5,600 орчим төгрөгөөс бага ) хэрэглээтэй байна. Ялангуяа ажилгүйдэл, ядуурал өндөр байгаа нь санаа зовох ёстой асуудал юм. Ийм байдалд хүрсэн шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Таны дурдсан “Ядуурлын дүр төрх 2018” судалгааг Дэлхийн банк танилцуулж байхад би бодож байлаа. Ядуу иргэд дундаж болон дунджаас дээгүүр орлоготой иргэдийн бодож, төсөөлж байгаагаас хавьгүй олон байдаг. Гурван хүн тутмын нэг буюу нэг сая орчим ядуу иргэний өдрийн бүх хэрэглээний зардал зарим хүний таваг хоолны үнэд хүрэхгүй байна.

Ядуу иргэд илүү олон хүүхэдтэй, боловсрол тааруу, дээрээс нь үнэлгээ бага ажил хийдэг зэргээсээ үүдэж ядуурлаас ядуурал руу шилжих циклд орчихсон. Өнгөрсөн бүх хугацаанд бий болсон эдийн засгийн өсөлт нь эдийн засгийг өсгөгч хүчин зүйл буюу уул уурхай тойрсон цөөн хэдэн салбарын хүмүүст наалдацтай байсан болохоос биш бусад иргэдэд төдийлөн хүрч чадаагүй. Төрийн бодлогын нэг чухал чанар нь хүртээмжтэй байх. Нийгмийн бүлэгт байгаа төрөл бүрийн хүмүүсийн манлайлагч, чадварлаг хэсэг буюу урд явдаг хэдтэй нь л тулж ажиллаад байх шиг.  Баганын цаана байгаа, нүдний буланд үлдчихсэн, “гуравдугаар салааны арын хэсгийн” хэддээ ч өсөлтийг тэгш хүртээдэг байх нь төрийн үүрэг. Иргэн бүр төрийн бодлого тодорхойлж, түүнийг гүйцэтгэх чадваргүй байдаг учраас өөрийг нь төлөөлж чадах хэсэг бүлэг хүмүүсээр удирдуулах сонголтыг хийдэг. Гэтэл Монголын төр сүүлийн 30 жилийн хугацаанд хүртээмжтэй байдлаа бүрэн алдсан. Өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэгэнд нь хүрч чадаагүй байна гэсэн үг. Тиймээс л нэг сая хүн ядуу байна.

-Иргэнээ хаясан төр гэж та их оновчтой тодорхойллоо. Сүүлийн 30 жилд Монголын эдийн засаг 10 дахин томорч, уул уурхайн баялгаас жилдээ хэдэн их наяд давсан төсвийн орлого хуримтлуулдаг боллоо. Гэхдээ бахь байдгаараа үлдсэн зүйл олон байна. Иргэн хүн өөрөө хичээх хэрэгтэй боловч нэгдсэн бодлогоор амьдралын баталгааг хангах нь төрийн үүрэг байх.

-Иргэнээ хаясан гэдэг нь нэгэнт тодорхой байгаа тул одоо цаашид яах вэ гэдэгт илүү төвлөрч ярих нь зүйтэй болов уу. Жил бүр улсын төсөвт суудаг хөрөнгийн багагүй хувийг нийгмийн халамж эзэлдэг. Халамжийн бодлого нь хэрэгцээтэй бүлэгт чухал боловч хавтгайруулж олгох нь үр дүн тааруу гэдгийг нэн шинэ үеийн түүх нотоллоо. Халамж өгөх тусам тэр анги давхарга зузаарч, эргээд хэнд ч худалдагдахад амархан болдог гэж дүгнэж болохоор байна. Өдийг хүртэл бий болгосон өсөлт ингээд зогсчихгүй. Жилдээ Оюу толгой, Эрдэнэт үйлдвэрийн дайтай орлого авчрах хэд хэдэн мега төслүүд яригдаж байна. Энэ төслүүдийг хөдөлгөж, Монгол хүний орлогыг нэмэгдүүлэх боломжийг бий болгохын тулд хууль тогтоогчид бүхнийг хийх нь зүйтэй. Эрдэнэт, Оюу толгой, Багануурын уурхайд ажилладаг залуучуудын амьдрал харьцангуй сайн байгааг бид бүгдээрээ харж байгаа. Ядаж л цалингийн зээл нь хүртэл хурдан гардаг. Баталгаатай орлоготой байна.

Гэхдээ ажлын байрны тоо нь цөөн тул уурхайд ажиллахыг хүсэж байгаа хүн бүрт боломж олддоггүй. Тэгвэл боломжит ажлын байрны тоог нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг баталгаатай байлгах талд нь зогсдог хууль тогтоогчид чухал. Орлого нь өндөр, баталгаатай болчихвол иргэд яаж амьдрахаа хэнээр ч заалгахгүй шүү дээ. Нөгөө талаас мега төслүүдийг дагаж жижиг дунд үйлдвэрлэл хөгждөг: Эрэлт нь байгаа тохиолдолд нийлүүлэлт нэмэгдэх нь зах зээлийн хууль. ЖДҮ ажлын байрыг бий болгогч гол хүчин зүйл учраас том төслүүдээ дагаад хөгжих боломжтой.

“ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ 20 ХУВИЙН ХЭРЭГЛЭЭ ЯДУУГИЙНХААС 5 ДАХИН ӨНДӨР ГЭХ СТАТИСТИК БИЙ”

 

-Тэгш боломж гэх сэдэв рүү орчихлоо. Баян, ядуугийн ялгаа их болж байгааг иргэн хүн статистикаар батлахгүй ч нүдэн дээр нь ил өрнөж байгаа учраас мэдрэх байх. Нийгмийн баялгийг тэгш хуваарилах, тэгш боломж олгох чиглэлд ямар бодлогын санал байна вэ?

-Гэр хорооллын шороон зам, хөлдүү 00, утаан дундуур бүдүүн хар жийп чихэж ороод л өнгөрөөд явах. Машины дотроос ядуу амьдралыг гайхан шагшрах нь өдөрт хэдэн зуугаараа л тохиолддог үзэгдлийн нэг. Үүнийг тоогоор баталъя гэвэл Монголын хамгийн чинээлэг 20 хувийн хэрэглээ ядуучуудынхаас 5 дахин өндөр байгаа тухай статистик харж байсан.

Гэтэл энэ хүмүүс бүгд 30 жилийн өмнө хүсэж байсан нэг зүйл нь тэгш боломж. Бүгдээрээ адилхан Орос дэлгүүр орохыг хүссэн байхгүй юу. Даргын хүүхэд багшдаа дарга нарын тусгай дэлгүүрээс мах авч өгч байгаа нь нэг л буруу байна гээд ард түмэн ардчиллыг сонгосон. Гэтэл одоо бүгд дэлгүүр рүү орж болох боловч мөнгөтэй нь л авч чаддаг нийгмийг бүтээсэн. Уг нь тэгш боломжтой нийгэмд хүн бүр наад захын хэрэглээний мөнгөө олчихдог, амьдралын баталгаа нь хангагдсан байдаг.

Гэтэл манай улсад Мөнгөгүй буюу боломжгүй хэсэг нь өнөөдөр эрх чөлөөгөө бүх салбарт хязгаарлуулсан байна. Мөнгөтэй хэсгийг хараад байвал хөдөлмөрлөсөн хүмүүс маш олон байгаа. Гэхдээ нөгөө талд мэдээлэлд ойр байсан, илүү их боломж урьтаад олдсон, сайн гэр бүлд төрсөн зэргээсээ хамаараад нийгмийн баялгийн өрмийг нь авах боломжтой байгаа гэж хэлбэл хэтрүүлэг биш. Нийгмийн баялгийг тэгш хуваарилахын тулд баялаг тэгш хуваарилагдах хэрэгтэй гэдгийг олж хардаг ард түмнийг эхлээд бий болгох нь зүйтэй. Эхний асуудал нь боловсрол. Дараа нь хөдөлмөрлөх, сэтгэх чадвартай Эрүүл Монгол хүн.

-Монгол өрхийн зарцуулдаг төсвийн багагүй хувь нь үр хүүхдийнхээ боловсролд зориулагдаж байна. Гэхдээ хэзээ ч ардын хүүхэд элитүүдийн хүүхдүүдтэй өрсөлдөж ялах боломжгүй харанхуй нийгэм рүү бид явж байна. Тантай нэг статистик хуваалцахад хотын төвийн сургуулиудын төгсөгчдийн ЭЕШ-ын оноо хотын зах болон гэр хорооллын төгсөгчдийнхөөс өндөр байгааг хэвлэлүүд мэдээлж байв. Ялангуяа өндөр төлбөртэй хувийн сургуулиудын англи хэл, математикийн сургалт улсын сургуулиудынхыг хол хаялаа.

-Сая таны ярьсан жишээ л баялгийн тэгш бус хуваарилалт гүнзгийрч буйн илэрхийлэл. Ер нь энэ тэгш бус байдлын асуудал Дэлхий даяар эрчимтэй хэлэлцэгдэх болсон.

Тэгш бус байдал нийгмийн уур бухимдлыг бий болгож цар тахал гарахаас өмнө маш олон улс оронд өдөр бүр л хүчтэй жагсаал цуглаан, ширүүн тэмцэл өрнөж байлаа. Цаашид ч өрнөх байх. Нэгэнт бий болсон энэ тэгш бус байдлыг технологийн хөгжил, аж үйлдвэрийн 5-р хувьсгал улам хурдасгаж байна. Боловсрол чадвар маруухан иргэд цаашаа амьдрахад улам л хэцүү болох нь. Биеийн хүчний ажлыг битгий хэл хуульч, санхүүч гээд өндөр мэргэшил шаарддаг ажлуудыг хүртэл роботуудаар хийлгэж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор иргэд орлогоо алдах тул суурь орлого буюу basic income-ийн асуудлыг хүчтэй дэвшүүлэн тавьсан ази залуу АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд багагүй дэмжлэг авч шуугиан тарьсан. Бид нэгэнт л чөлөөт зах зээлийн зам мөрийг сонгосон улс тул эртнээс дээрх эрсдэлийг харж байх л учиртай. Гурван сая гаруй иргэнтэй, тэдний дийлэнх нь залуу байгаа энэ нөхцөлд боловсролын салбарт тэгш бус байдал гүнзгийрэх нь яавч сайн зүйлийг даллахгүй.

Тиймээс төсвийн хөрөнгийг энэ чиглэлд түлхүү оруулах, уул уурхайгаас орж ирсэн баялгаар аж үйлдвэрийн дараагийн хувьсгалыг түүчээлэх залуусыг боловсруулахад зарцуулах нь чухал байна. Би ч үр хүүхэдтэй. Өнөөдөр миний хүүхэд сайн сайхан явлаа ч ирээдүйд тэгш бус байдал гүнзгийрсэн, баян ядуугийн ялгаа их, уур бухимдал ихтэй нийгэмд амьдарвал ямар байх вэ гэдгийг эцэг эх хүн бүр бодох нь зүйтэй юм.

-Гэртээ тайван амгалан байгаа хүн ажил, амьдралдаа илүү амжилт гаргах бололцоотой байгаа жишээ олон байдаг. Гэтэл өрхүүдэд ядуурал--стресс--архидалт--гэмт хэрэг--ядуурал гэдэг нийтлэг чөтгөрийн тойрог бий болчихлоо. Энэ гинжин хэлхээг тасалж өрх бүрийг амар тайван амьдралд хөтлөхөд юу дутагдаж байна вэ?

-Хотын төвийн дүүргүүдэд цэцэрлэгт хүрээлэн төлөвлөх, агаарын бохирдлыг бууруулах, чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчин бий болгох чиглэлд анхаардаг боловч захын дүүргийг хот бус сумын төв байдлаар хөгжүүлж ирсэн. Уг нь хотын төвлөрлийг бууруулах зорилгынхоо хүрээнд захын дүүргүүдийн хөгжилд илүү анхаарах хэрэгтэй юм шиг. Мөн эдгээр дүүрэг дэх иргэдийн орлогын асуудал яах аргагүй хөндөгдөнө.
Залуу, халуун насаа төрд зориулчихаад эцэс сүүлд нь сард 300 мянган төгрөгийн тэтгэврээр голоо зогоож буй халаас нимгэн ахмадын бүхэл бүтэн давхаргыг бид орхигдуулж болохгүй. Цалин, тэтгэврийг өсгөх нь бодлого тодорхойлогчдын гол зорилго байх ёстой. Монголын ард түмэн төр засагтаа өнгөрсөн хугацаанд хангалттай төлсөн. Орлого сайжраад ирмэгц таны сая дурддаг чөтгөрийн тойргоос гарах боломжтой. Яагаад гэвэл эхлэл цэг нь ядуурал шүү дээ.

“ЧАНГААР ОРИЛЖ БАЙГАА НЬ БИШ ЧИМЭЭГҮЙ АЖЛАА ХИЙЖ БАЙГАА НЬ ЭХ ОРОНЧ”

 

-Бидний ярилцаж буй сэдвүүд үеийн үед хөндөгдөж байсан боловч ажил хэрэг болохдоо тааруу байсан нь өнөөдрийн үр дүнгээр харагдаж байна. Тогтвортой бодлого хэрэгжүүлэх төрийн институц үүргээ гүйцэтгэж чадахгүй байх шиг. Төрийн залгамж халааг хэрхэн бат суурьшилтай байлгах вэ?

-Төрийн албыг төрлийн алба болгосныг л засаж залруулахгүй бол манай улсад тогтвортой бодлого хэрэгжихгүй гэдгийг өнөөдөр бид амьдрал дээр яс махандаа тултал мэдэрч байна шүү дээ. Цалингаараа амьдрах нөхцөл дийлэнхэд нь байхгүй. Өртөг нь орлогоосоо давсан. Гадагшаа явж л хэдэн арван цаас цуглуулж амьдралаа залгуулах болсон нь Монголчуудын нийтлэг байдал. Эргээд эх нутагтаа ирж цуглуулсан хэдэн төгрөгөөрөө баялаг бүтээе гэхээр төр нь дэмжихгүй, шат дараалласан дарамт үүсгэдэг. Дарамт гэдэг нь зүй ёсны тавигдах шаардлагууд биш шүү. Ажлаа мэдэж хийж чадахгүй байгаа байдал, дээр нь хүнд суртал, гар хардаг гэхчлэн.

Төрийн үйлчилгээ талдаа энэ мэт чирэгдэл үүсгэж иргэдийн хүсэл зорилгыг мохоох нь элбэг бол бодлогын шийдвэр гаргах түвшний байгууллагуудад төрөл садны хэлхээс болсон, улс төрчид, бизнесмэнүүдийн үр хүүхдээр дүүрсэн, ардын хүүхэд ажиллаж болохгүй ордон аятай хаалттай орчин болгож байгаа нь сүүлийн үед улам бүр газар авч байна. Сонгуулийн дараа тэр аяараа шахуу солигдож холигддог, дөрвөн жилийн циклтэй төрийн бодлоготой улс яаж цааш хөгжих вэ. Харамсалтай нь энэ байдал хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд дасал болох нь байна шүү дээ. Энэ завхрал юундаа байна вэ гэвэл нам гэдэг институцид үйлчилсэн цөөн хэдэн хүн сонгуулийн дараа албан тушаалыг шагнал болгон авдаг гэх шүүмжлэл бий. 

Энэ боломжийг эрх баригчдад олгох бүхэл бүтэн хуулийн систем байна. 350 төрлийн төрийн албан тушаалыг улс төрийн албан тушаалтнууд томилдог. Үүнийг зохицуулдаг 20 орчим хууль болон эрх зүйн бусад акт байна. Томилгоо хууль бус гэдгийг 8 жилийн дотор шүүхээр төрийн албатай холбоотой 2100 хэрэг шийдэгдсэний 60 орчим хувь нь ажлаас үндэслэлгүй халагдсан асуудал нотолж байна. Мэдээж үүнийг дагаж хууль бусаар халагдсан ажилтны цалинг буцаан олгох зардлыг төр л хариуцаж буй. Тэр нь эцсийн эцэст татвар төлөгч бидний л мөнгө.

-Ардчилсан нийгэмд иргэдийн оролцоо хамгийн чухал гэдэг. Төрийн бодлогыг зөв чиглүүлэх шахалт өгөх, бодлогыг хэрэгжүүлэх, гүйцэтгэх гээд бүх шатанд Монгол залуусын үүрэг их бий. Таны хувьд Эх оронч залуу хүн гэж хэн бэ. Эх оронч гэдэг эерэг биш сөрөг утга болтгоо ашиглагдсан байна.

-Юуны түрүүнд глобалчлагдсан дэлхий ертөнцөд монголоос бусад нь халхын нутагт гишгэхгүй гэж аархагчдыг эх орончид гэж үзэх аргагүй. Мөн түүнчлэн гоё ганган хувцаслаж, боловсролтой дүр эсгэн худал зүйл ярьж, эсхүл захиалгаар цагаан хоолой барьж тэмцэгчдийг эх оронч хүн гэж би үнэлэхгүй.

Ардын жүжигчин аавтай, олон ах эгчтэй гэр бүлд төрж өссөн хүний хувьд хийж буй ажлаа чанартай, үнэнч гүйцэтгэх нь миний хувьд эх оронч хүмүүжил байсан. 25 жилийн турш үндэсний том телевизэд ажиллаж, айл бүрийн хойморт залрахдаа, гудамжинд алхахдаа, гэртээ эр нөхөр, аав хүний үүргийг гүйцэтгэхдээ ч аливаа юманд чин сэтгэлээсээ хандахыг зорьж ирсэн. Ажлын талбарт зөв сайхан ярих, мэдээгээ чанартай унших, монгол хэл соёлоо сурталчлах нь миний эрхэм үүрэг байсан бол гудамжинд хүнтэй сайхан харьцах, биеэ авч явах, бусдыг хүндлэх, гэртээ халамжит хань, үлгэр жишээ аав байхыг хичээж ирсэн. Би эх оронч монгол залуусыг чангаар орилж байгаа газраас биш чимээгүй ажлаа хийж байгаа хэсгээс илүүтэй олж хардаг.

 

Ярилцсан: н.Тамир

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.