Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улс товлолын вакциныг тусгай үүргийн онгоцоо ашиглаад бүрэн авч чадсан"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад дархлаажуулалтын 10 хоног тавдугаар сарын 20-30-ны хооронд зохион байгуулагдаж байгаа билээ. 

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өглөө. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Монгол Улсад дархлаажуулалтын арван хоног эхэлсэн. Жилд хоёр удаа энэхүү нэмэлт, нөхөн дархлаажуулалтыг зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, вакцинаасаа хоцорсон хүүхдүүдийг нөхөж дархлаажуулалт тул маш чухал. Дэлхий дээр 68 улс орон, 83 сая хүүхэд товлолын вакциндаа хамрагдах боломжгүй болсон байна. Учир нь коронавирусийн халдварын үед хорио цээр тогтоосон, онгоц нисэхгүй, улс орнууд хилээ хаасан зэрэгтэй холбоотой.

Гэтэл Монгол Улс товлолын вакцинаа тусгай үүргийн онгоцоо ашиглаад бүрэн авч чадсан. Нэгдсэн журмаар НҮБ-ийн хүүхдийн сан бидэнд вакцины хангалтыг хийдэг юм.

Та бүхэн санаж байгаа бол 2015-2016 оны хооронд 50 гаруй мянган хүүхэд залуучууд Улаанбурхан өвчнөөр өвдсөн. Улаанбурханы вакцинд ороогүй, товлолын вакцинаа бүрэн хийлгээгүй хүүхдүүд тэр үед өвдсөн юм. Энэ нь вирус ямар ухаантай болохыг харуулж байна. Мөн бид 2018, 2019 онд нөхөн дархлаажуулалт хийж, Улаанбурхан өвчний асуудалгүй болсон. Иймд та бүхэн дархлаажуулалтын 10 хоногийн үед вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэв. 

КОВИД-19-ийн үед уушгины хатгалгааны эсрэг вакциныг хүүхэд болгон зайлшгүй хийлгэх хэрэгтэй

Мөн ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “КОВИД-19-тэй холбоотойгоор олон газарт хүүхдийн товлолын дархлааны вакцин хийгдэлгүй хоцорч байна. Үүнээс болж халдварт саа, Улаанбурхан өвчнүүд дахин дэгдэж гарах аюултай болсон.

Мөн манай улсын хувьд пневмококкийн /уушгины хатгалгаа/ эсрэг вакциныг  нэмэлтээр нөхөн дархлаажуулахаар хийж байгаа. Тэгэхээр КОВИД-19-ийн үед уушгины хатгалгааны эсрэг вакциныг хүүхэд болгон зайлшгүй хийлгэх хэрэгтэй. Учир нь пневмококкийн эсрэг вакцин КОВИД-19 өвчний тодорхой хэмжээний хүндрэлийн олон эрсдлээс хамгаалах үр дүнтэй байгаа юм.  

Бид пневмококкийн эсрэг вакциныг нэвтрүүлсний үр дүнд 2019 онд манай улсад хүүхдийн эндэгдэл 1 промелоор буурсан. Энэ нь манай улсад төдийгүй дэлхийд байгаагүй үзүүлэлт болсон байдаг" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2688954074717773/?epa=SEARCH_BOX

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.