Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс COVID-ыг хэрхэн ялав

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Шри Ланка улсын иргэн, нийтлэлч Инди Самаражива манай улс коронавирусийн цар тахалтай хэрхэн тэмцэж байгааг гадны хүний нүдээр дүгнэж бичсэнээ хувийн блогтоо нийтэлжээ. Тэрбээр Монцамэ агентлагийн мэдээний архив, засгийн газрын албан мэдээллээс баримт цуглуулж ашигласнаа тайлбарласан байна. Мөн Монгол Улсын талаар суурь мэдээлэл, мэдлэгийг Тhe Diplomat сайтаас авдаг байснаа дурджээ.

Ингээд түүний нийтлэлийг товчлон орчуулсныг хүргэж байна.


 

Монгол Улсын COVID-19 тахлын эсрэг авсан арга хэмжээ дэлхийд шилдэг нь.

Тэд ганц ч хүний амь гарздаагүй төдийгүй ганц ч халдвар дотооддоо алдаагүй. Монгол Улс халдварын тархалтыг бууруулсан эсвэл зогсоосон гэхээсээ илүү “нухчин дарсан” гэхэд болно. 

Энгийн үгээр хэлбэл Монголд ямар ч тахал дэгдсэнгүй.

Гэхдээ тэднийг аз дайраагүй юм шүү.

Нэгдүгээр сараас эхлэн Монгол Улс нийтийн эрүүл мэндийг хамгаалах төгс гэмээр арга хэмжээ авсан нь өнөөдрийг хүртэл жигд үргэлжилж байна. 

Covid-19 Монголыг тойроод гарсангүй. Монгол Улс түүнийг үүд хаалгаараа оруулаагүй юм.

Харин тэдний энэ бүх хүч хөдөлмөрийг төдийлөн анзаарч, үнэлэхгүй байна. Хэн ч “Монголын жишээ” гэж ярихгүй байна. Оронд нь Герман, Шведийн бүтэлгүйтлийг сайны жишээ болгон ярьсаар. Миний бодлоор жинхэнэ амжилт бол 0 үзүүлэлт бөгөөд Монгол Улс үүнийг хийж чадсан юм.

Тэд яаж ажилласныг харцгаа. Та нар надтай адил гайхаж бишрэх болно. Монгол Улсын тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үнэхээр хүчтэй. Үүнд бас 30,000 хонь багтаж байгааг хэлэх хэрэгтэй.

 

Байзаарай, Монгол уу даа?

Та хамгийн түрүүнд ингэж хэлэх байх. Монгол уу? Нэг километр квадрат талбайд хоёрхон хүн амьдардаг, алслагдсан, бөглүү Монгол уу? COVID тэнд хүрлээ ч халдварлах хүн олдохгүй юм биш үү? Үгүй.

 

Хүн амын нягтрал

Монгол бол манай дэлхийн хүн ам хамгийн сийрэг суудаг улс гэдэг нь үнэн. Угаасаа тэнд хүмүүс нь хоорондоо хол зайтай амьдардаг. Гэхдээ нийслэл Улаанбаатар хот нь 1.5 сая оршин суугчтай. Энэ бол COVID тархахад хангалттай хэмжээ.

Үнэндээ Улаанбаатарын хүн амын нягтрал (км.кв тутамд 307 хүн) тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн Итали улсын нэг голомт Бергамо хотынхтой (км.кв тутамд 400) ойролцоо.

Ийм хүн амтай байлаа ч тахлаас зугтах боломжгүйг энэ баримт харуулж байна.

Харин алслагдсан бөглүү байдал нь юу билээ? Ингэхэд Монгол Улс хаана байдаг билээ?

 

Алслагдсан улс орон

Орчин үеийн Монголыг тийм ч алсын нутаг орон гэх боломжгүй. Мориор явахад тийм байж магадгүй ч онгоцоор бол Бээжингээс хоёр цаг нисээд л хүрнэ. Ухань хоттой өдөр тутмын харилцаатай. Улаанбаатар хот нь Хятад, Оростой төмөр болон автозамаар холбогдсон, хилийн боомтууд нь байнгын хөл хөдөлгөөнтэй.

Тахлын эхний давалгаа Хятадаас энд хүрээгүй юм гэхэд хоёр дахь давалгаа Оросоос ирэх бүрэн боломжтой.

Тэгэхээр алслагдсан байдал нь тэднийг авраагүй бололтой.

 

Ялгаварлан гадуурхалт

Ялгаварлан гадуурхах, үл тоомсорлох үзэл үүнд нөлөөлсөн гэж би бас бодож байна. Бид хөгжингүй орнуудыг “Хөөх Ангела Меркель эрдэмтэн хүн юм байна” гэх зэргээр магтаж байгаа бол хөгжиж буй орнуудын талаар зүгээр л азтай юм гэж бодох жишээтэй. 

Цаг уур, хүн амын нягтрал, байгаль орчны хүчин зүйлүүд зэрэг аз дайрахад нь нөлөөлсөн олон шалтгааныг бид гаргаж ирдэг.

“Ядуу буурай орнууд ч өөрөө өөрийгөө хамгаалж чадахгүй гэж үү?” гэж асуувал өрнөдийнхөн “Ядуу ч гэсэн хүний амь эндээгүй бол…….цаг агаар нөлөөлсөн байх” зэргээр ямар нэг шалтаг хайж эхэлнэ.

Монгол шиг улсууд гадны зөвлөгөөг л сонсдог болохоос Монголын жишээг дагах тухай ойлголт тэдний толгойд огт байхгүй.

Зүгээр л баримтуудтай танилцаад үз.

Монголчууд яаж ажилласныг эндээс уншсаныхаа дараа тэднийг аз дайрсан эсэхийг хэлээрэй. Тэд үнэхээр сайн ажилласан нь хэний ч нүдэнд ил байгаа юм.

Коронавирус ганцхан Монголыг тойрч гараагүй. Харин тэр Монголд нэвтэрч чадаагүй юм.

 

Аюулыг урьдчилан харсан нь

Өнөөдрийн спортын уралдаан тэмцээний үр дүн, эсвэл шинэ iPhone-ий тухай мэдээллийг нэгдүгээр сарын 23-ны өдөрт буцаж очоод яривал хүмүүс чамд итгэнэ. Харин Хятадад Хубэй мужийг гадаад ертөнцөөс тусгаарлаж, хүн төрөлхтний түүхэнд хамгийн том хөл хорио тогтоож байхад чи ирээдүйд юу болох талаар хэлж чадах байсан уу?

Ямар аюул айсуйг зөгнөж, хилээ хаах, хүмүүсийг тусгаарлах, эмнэлгийн хангамжаа нэмэгдүүлэхийг нэгдүгээр сард эрх баригчдад хэлэх боломжтой байсан уу? Болоод өнгөрсөн зүйлийг өнөөдөр дүгнэх, болоогүй байгаа зүйлийг өнөөдөр зөгнөх хоёр ийм ялгаатай.

Хэдийгээр цаг хугацааны машингүй ч Монгол Улс яг үүнийг хийж чадсан юм. Монгол Улс Хубэйд юу болж байгааг хараад Хятад улс болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтран ажиллаж, шуурхай арга хэмжээ авчээ. Тэдний нууц ердөө л энэ. Тэд зүгээр л тэнэгтээгүй юм.

 

Нэгдүгээр сарын 22

Зарим хүмүүс ДЭМБ-ыг тухайн улс оронд юу болж байгааг мөрдөн шалгаад ямар арга хэмжээ авахыг тушаадаг цэрэгжсэн байгууллага гэж ойлгодог.

Үнэндээ тийм биш. Тэд зүгээр л тусалдаг. Улс орнууд тэднийг сонсож, тэднийг нэвтрүүлэх л үүрэгтэй. Монгол ч бас тэгсэн. Нэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын эрүүл мэндийн яам ДЭМБ-тай хамтарсан хэвлэлийн хурал зохион байгуулж, ямар аюул ирж байгааг зарласан байдаг.

Энэ хурлаар хүнээс хүнд халдвар тарж эхэлснийг, урьдчилан сэргийлэх ажил эхэлснийг мэдэгдсэн юм. Монголын амжилтын нэг нууц нь энэ.

 

Нэгдүгээр сарын 24

Энэ үед ханиад томууны улирал Монголд нэгэнт үргэлжилж байсан тул хамгийн түрүүнд хүүхдүүдээ хамгаалах арга хэмжээг авчээ. 

Хэрвээ булангийн цаанаас машин ирж явааг чимээгээр нь мэдвэл би юу болохыг хүлээлгүй шууд л хүүхдүүдээ холдуулах байсан. Монгол Улс яг ингэсэн. 27-ны өдрөөс эхлэн сургуулиудыг хааж байгаагаа зарласан юм.

Бас нэг зүйлийг онцлон хэлэхэд Монголд бүх зүйлийг урьдчилан хааж байв. Тэд өнөөдрийн Энэтхэг шиг өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөгүй.

Энэ үед Монголын засгийн газар иргэддээ гар угаах, амны хаалт зүүхийг зөвлөж эхэлсэн юм. Гэтэл гуравдугаар сарын дундуур л Мэрай Кэрри гараа хэрхэн зөв угаахыг Америкчуудад зааж байлаа шүү дээ.

 

Нэгдүгээр сарын 26

Энэ үед Монголд ганц ч халдвар илрээгүй байсныг хэлэх хэрэгтэй. Тэгэхэд халдвар илрээгүй улс орнууд дэлхийд дэгдэж байгаа тахлыг “одоохондоо манайх зүгээр байна” гэсэн өнцгөөс харж байв.

Тэд тэнэг, Монголчууд ухаалаг байжээ.

Хубэйд хорио цээрийн дэглэм тогтсоноос гурав хоногийн дараа Монгол Улсын засгийн газар хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргав.

  • Их сургуулиудыг хаах
  • Хилээр автомашины урсгалыг зогсоох
  • Олон нийтийн арга хэмжээнүүдийг хориглох
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг батлах

Монгол Улсын эдийн засгийн өсөлт экспортоосоо бараг зуун хувь хамааралтай тул ганц ч халдварын тохиолдол илрээгүй байхад ийм арга хэмжээ авах нь хүнд цохилт болох байв.

Гэхдээ тэд өрнөдийнхөн шиг дэлхийтэй мөргөлдөх астероид ирж буйг харсан хэдий ч ”эдийн засаг нэгдүгээрт” гэж хэлдэг үлэг гүрвэлүүд болоогүй юм.

Монголчууд вирустэй наймаалцаж, ахмадуудаа золиосолсонгүй. 

Тэд зүгээр л вируст “зайл” гэж хэлээд бүх хүнээ аварсан юм.

Эдийн засаг нь хохирсон, гэхдээ энэ бол зайлшгүй эрсдэл байлаа.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс хэтрүүлсэн арга хэмжээнүүдийг авсан мэт харагдаж магадгүй.

Гэхдээ энэ бол вирустэй тэмцэх цорын ганц зөв арга зам юм. Доктор Шифэн У “Хэтрүүлж хийх нь юу ч хийгээгүйгээс дээр” гэж хэлснийг санах хэрэгтэй.

Монгол Улс дотооддоо ганц ч халдвар тараагаагүйн шалтгаан нь тэд мянган халдвар илэрсэн мэт ажилласанд байгаа юм.

 

Нэгдүгээр сарын 27

Ганц ч халдваргүй байсан Монгол Улс энэ үед зориудаар халдвартай хүмүүсийг импортолж эхэлсэн юм.

Тэд удаан боловч өндөр хяналттайгаар гадаадад байгаа монголчуудаа татаж эхэлсэн байна. Гэтэл энэ үед бусад улс орнууд өөрийн иргэдээ шалгалгүй хилээр нэвтрүүлсэн мөртлөө гадаадынхныг буцааж байсан нь тэнэглэл байлаа.

Монгол Улс харин хүмүүсээ эх оронд нь авчраад оношилж, тусгаарлах ажлыг алгуурхан, болгоомжтой хэрэгжүүлж байв.

Нэгдүгээр сарын 27-нд тус улс Уханиас 31 оюутнаа татаж авах хэлэлцээг эхлүүлсэн юм. Хоёрдугаар сарын 1-нд тэднийг шилжүүлэн авчраад нислэгийн багийнхны хамт тусгаарлажээ.

Гадаадаас авчирсан иргэдээ тусгаарлах хугацааг 14 байсныг 21 болгон сунгалаа. Дотоодод нь халдвар тараагүй байхад халдварын тохиолдлуудыг ээлж дараалан гадаадаас оруулж ирсээр байв.

Энэ бүхэн нэгдүгээр сард эхэлснийг би дахин сануулмаар байна.

Энэ үед дэлхийн ихэнх улс орон ямар ч арга хэмжээ аваагүй байсан юм. Шоргоолж, царцаа хоёрын үлгэр шиг, бас Жон Сноу шиг монголчууд өвөл ирж буйг мэдэж, бэлдсээр байв.

Гэтэл нэгдүгээр сард танай улс юу хийж байсныг санаж байна уу? Монголчууд шиг ажилласан бол хэдэн хүний амь аврагдах байсан бол?

 

Хоёрдугаар сар

Хоёрдугаар сарын турш Монгол Улс амны хаалт, оношлуур нөөцөлж, эмнэлэг, хүнсний захуудыг шалгаж, хотоо ариутган цэвэрлэж байв.

Халдварын тохиолдол илрээгүй л байлаа. Гэхдээ хэн ч тахлыг худал цуурхал гэж сэжиглээгүй, 5G сүлжээний станцуудыг шатаахыг уриалаагүй юм.

Азийн орнуудын хувьд том баяр болох Цагаан сараа ч цуцлав. Баярын үеэр хөл хорио тогтоож, хөдөлгөөний хязгаарлалт хийснийг олон нийт өргөнөөр дэмжиж байсан юм.

Гуравдугаар сарыг хүртэл ганц ч халдварын тохиолдол илрээгүй байсныг би дахин сануулмаар байна.

Бусад улс орнуудын хоцорч авсан арга хэмжээг Монголд түрүүлж хэрэгжүүлж байсныг энэ бүхнээс харж болно.

Хэтрүүлэгтэй мэт санагдавч үнэндээ яг цагийг нь олж хийсэн байгаа юм.

Хоёрдугаар сард Монголын засгийн газар Өмнөд Солонгос, Японы чиглэлийн нислэгүүдээ зогсоосон байна.

Энэ үед Монгол Улс хөрш Хятад улсад 30,000 хониор туслах шийдвэр гаргасан нь цагаа олсон үйлдэл байв. Хятадад айлчлаад ирсэн ерөнхийлөгч Х.Баттулга 14 хоног тусгаарлагдсан юм.

 

Гуравдугаар сар

Энэ бол манлайллын үлгэр загвар байв. Самбо бөхийн тамирчин асан, Загалмайлсан эцэг киноны Женко нэртэй компанийн эзэн энэ бүхний цаана байсан гэж би хэлэхгүй.

Гэхдээ энэ улсад болж буй үйл явдлыг гаднаас ажиглагчийн хувьд хэлэхэд түүний засгийн газар Covid-19 вирустэй сайн тэмцэж, тэр өөрийн биеэр үлгэрлэсэн юм.

Ерөнхийлөгч хүн өөрөө дүрэм журмыг дагаж, өөрийгөө тусгаарласан нь онцгой тохиолдол юм.

Яг энэ үед Британийн ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвартай өвчтөнтэй бахархалтайгаар гар барин мэндчилж байсныг санах хэрэгтэй. Гэтэл Монгол Улсын ерөнхийлөгч хөл хорионд тусгаарлагдаж, улс орон нь амны хаалт нөөцөлсөөр байв.

Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад анхны Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь гуравдугаар сарын 2-ны өдөр Москвагаас ирсэн Францын иргэн байв.

Монгол Улс энэ үед бэлтгэлээ хангасан байлаа. Албан оффисыг нь хааж, аймаг дүүргүүдэд хөл хорио тогтоож, төмөр зам, авто зам, хот хоорондын тээврийг хязгаарлав.

Монгол Улс хэсэгчлэн хөл хорионы дэглэмд шилжсэн юм.

6,000 орчим байгууламжийн 9.2 сая метр квадрат талбайг ариутгаж, халдваргүйжүүлэв. Ганцхан тохиолдол илрэхэд ийм арга хэмжээ авсан юм.

Коронавирус ганцхан Монголыг тойрч гараагүй. Монголчууд вирусийг ялсан юм.

 

Өнөөдөр

Ганц ч тохиолдол илрээгүй байхад мянган тохиолдолтой мэт ажилласан Монгол Улс ганц тохиолдол илрэхэд арван мянган тохиолдол илэрсэн мэт ажилласан юм.

Геометр прогрессоор тархдаг вирустэй ингэж л тэмцэх ёстой. Бас нэг зүйлийг онцлоход энэ бүгдийг Монголын ард түмэн өөрсдөө хийсэн юм.

Жишээ нь манай эх оронд анхнаас нь ингэж ажиллах боломж бараг байхгүй. Монголын жирийн иргэд дор бүрнээ хариуцлагатай хандаж, юу хийхээ ойлгож байсан нь ийм үр дүнд хүргэсэн юм.

Дотоодод нь халдвар тараагүй байгаа ч өнөөдөр тэд бас анхаарлаа сулруулаагүй л байна.

Тавдугаар сарын 7-ны өдөр 150,000 иргэн, 3,500 албан хаагчийг хамарсан хөл хорионы дадлага сургуулилалт зохион байгуулжээ.

Дахин хэлэхэд тэдэнд хөл хорио тогтоох шаардлага гараагүй ч бэлдсээр л байна.

Энэ бол нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсийг байлдах урлагийн түвшинд аваачсан онцгой тохиолдол юм.

Монгол Улс бүгдэд үлгэр жишээ болох ёстой. Өнөөдөр Монгол Улсад халдварын 140 тохиолдол бүртгэгдээд байгаа нь бүгд гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлууд юм.

Тахалд нэрвэгдсэн Өрнөдийн орнууд байтугай зүүн Азийн орнууд ч Монгол шиг үр дүнтэй ажиллаагүй.

Мэдээж энэ бүхэн амар байгаагүй. Монголын эдийн засаг дэлхийн эдийн засгийг даган хямарч, олон монгол хүн ядуурч байна.

Дөрвөн сар үргэлжилсэн хязгаарлалт, дэглэмээс хүмүүс залхаж байгаа тухай мэдээлэл Монголоос ирж байна. Оросоос хоёр дахь давалгаа занахийлж байна.

Гэхдээ л Монгол Улс дэлхийд тэргүүлж чадлаа.  Ганц хүний амь хохироогүй, дотоодод нь ганц ч халдвар дамжаагүй. Газар нутгаа тахлаас хамгаалж чаджээ. Бид бүгд Монголоос суралцах хэрэгтэй. Ядаж хэдэн хонь ч болтугай авах хэрэгтэй.