Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Деннис Родман: Хэрвээ Ким Жон Уны дүү охин зурагтаар гараад эхэлбэл Умард Солонгост ямар нэг зүйл болжээ гэж ойлго

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны мэргэжлийн тамирчин асан Деннис Родман өчигдөр “Good Morning Britain” хөтөлбөрт оролцож, хөтлөгч Пирс Моргантай ярилцжээ.

Тэр энэ үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эрүүл мэндийн талаар гарсан цуурхлын тухай ярьсан байна.

Родман хамгийн сүүлд 2013 онд Пёньянд зочилж, Ким Жон Унтай уулзаж байжээ. Сүүлийн сар гаруй хугацаанд Умард Солонгосын залуу удирдагчийн эрүүл мэндтэй холбоотой дуулиан дэгдээд байгаа. Зарим эх сурвалжууд түүний бие муудсан, бүр нас барсан гэж мэдээлж байв.

Гурван долоо хоног орчим хугацаанд сураггүй байсны эцэст залуу удирдагч бордооны үйлдвэрийн нээлтэд оролцож байгааг Пёньяны төв хэвлэл энэ сарын эхээр харуулсан ч дараа нь дахин олны нүдэнд ил гарахгүй болсон юм. 

“Би Умард Солонгостой холбоотой байгаа. Одоохондоо би нэг л зүйлийг баттай хэлж чадна. Хэрвээ Ким Жон Уны охин дүү телевизээр гараад, улс орноо удирдаж байгаа нь харагдвал Умард Солонгост ямар нэг таагүй зүйл тохиолдсон гэж ойлгох хэрэгтэй” гэж тэр ярьжээ.

Энэ сарын эхээр Родман нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа Ким Жон Уныг залгамжилж магадгүй гэгддэг охин дүү Ким Ёо Жоных нь тухай дурсаж байв.

“Түүний охин дүү хайр татам сайхан бүсгүй. Намайг зочлох үеэр тэр тун найрсаг харьцаж байсан” гэж Родман ярьсан юм.

Тэрбээр энэ ярилцлагадаа Ким Жон Уны эрүүл мэндийн талаар гарсан цуурхалд итгэхгүй байгаагаа илэрхийлж байжээ. “Өмнө нь нас барсан гэгдэж байсан өндөр албан тушаалтнуудтай би тэнд зоог барьж байсан. Умард Солонгосын талаас мэдээ ирэх хүртэл би ийм ярианд итгэхгүй” гэж 58 настай мэргэжлийн сагсан бөмбөгийн экс тамирчин тухайн үед ярьж байсан юм.

 

Эх сурвалж: Fox Sports