Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн үндэсний аюулгүй байдлын хуулийг Бээжинд хэлэлцэхээр болж, АНУ-ын удирдагчид анхааруулга өглөө

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Бээжин хотод Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын жил тутмын чуулган эхэлж байна.

Энэ нь тус улсын хууль тогтоох хамгийн дээд байгууллага юм. Өчигдөр их хурлын хэвлэлийн төлөөлөгч Жань Есүй энэ удаагийн чуулганаар Хонг Конгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцэх гэж байгааг мэдээлжээ.

Ийм хуулийг олон жилийн өмнөөс ярьж байсан ч Хонг Конгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас баталж чадаагүй юм. Харин өнгөрсөн онд тус хотыг түйвээсэн бослого тэмцлийн дараа үүссэн шинэ нөхцөл байдлын улмаас хуулийг хэлэлцэхээр болжээ. Шинэ хууль нь Хонг Конгийн аюулгүй байдлыг хамгаалах механизмыг бий болгох зорилготой.

Хуулийн дотоод агуулгын талаар мэдээлэл байхгүй байгаа ч энэ нь Хонг Конгийг эх газраас салан тусгаарлах аливаа оролдлогыг хүчээр таслан зогсоох нөхцлийг бүрдүүлэх зорилготой гэж ажиглагчид үзэж байна.

Өчигдөр гарсан мэдэгдлийн дараа Хонг Конгийн ардчилсан хөдөлгөөний идэвхтнүүд иргэдийг тэмцэлд уриалж эхэлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Бээжинд ямар хууль гаргахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл бидэнд алга. Хэрвээ ийм алхам хийвэл бид нухацтай арга хэмжээ авах болно” гэж Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.

Өчигдөр бас АНУ-ын сенат дахь хоёр намын төлөөлөгчид Хонг Конгийн ардчилал, өөртөө засах эрх, хүний эрхийн нөхцөл байдлыг хамгаалах хуулиа чангалах тухай мэдэгджээ.

“Бээжингийн зүгээс Хонг Конгийн хараат бус байдалд заналхийлбэл сенат АНУ-Хятадын харилцааг эргэн харах болно” гэж сенатын танхимын олонхын бүлгийн тэргүүн Мич Макконел мэдэгдсэн байна.

Коронавирусийн цар тахалтай холбоотой маргааны улмаас муудаад байгаа хоёр их гүрний харилцаанд ийнхүү дахин нэг том зөрчил үүсч байна.

Энэ оны эхээр хоёр улсын хооронд байгуулагдсан худалдааны гэрээ хэрэгжих магадлал ч буурч байгаа юм. Хонг Конг хот Их Британийн колоничлолд 100 жил болсны дараа 1997 онд Хятадын захиргаанд шилжихдээ “нэг улс, хоёр систем” зарчмаар өөртөө засах онцгой эрхтэй үлдэж байжээ.

 

Эх сурвалж: Reuters