Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дейв Пилкийн “Нохой-Хүн” цуврал монгол хэлээр хэвлэгдэн гарлаа

МОНСУДАР
2020 оны 5 сарын 22
Монсудар
Зураг зураг

Нью Йорк Таймсын бүх цаг үеийн шилдгийн шилдэг 10 бестселлер хүүхдийн цуврал номын жагсаалтад багтдаг Харри Поттер, Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл, Өлсгөлөн тулаан, Муу Залуус зэрэг нь манай уншигчдын хэдийн сайн мэдэх бүтээлүүд билээ. Уг жагсаалтын нэгдүгээр байранд 141 долоо хоног дараалан тэргүүлж буй дэлхийн мянга мянган хүүхдийн хайртай зохиолч Дейв Пилкийн “Нохой-Хүн” цуврал Монголын уншигч хүүхэд багачуудын гар дээр очих гэж байна. 

Зохиолч, зураач Дейв Пилки хүүхэд байхдаа анхаарлын дутагдал, хэт идэвхжил болон унших чадваргүйн эмгэгтэй (ADHD, Dyslexia) байжээ. Хичээл дээрээ маш их үймүүлдэг байсан тул багш нар нь түүнийг өдөр бүр ангийнх нь гадаа суулган шийтгэдэг байсан гэнэ. Харин зураг зурж, түүх зохиох дуртай Дейв хүү хонгилд сууж байх зуураа “Нохой-хүн”-ий адал явдлын хамгийн анхны хувилбараа зохиож, хожим нь тэр бүрэн хэмжээний цуврал зурагт ном болсон юм.

Зохиол офицер Найт цагдаагийн нохой Грегтэй хамтран гэмт хэрэгтнүүдийг барьж, шударга ёс тогтоохоор ажиллаж байгаагаар эхэлдэг. Нэгэн өдөр золгүй тохиолоор тэд гэнэтийн дэлбэрэлтэд өртөн Офицер Найт толгойдоо хүнд бэртэл авч, харин Грегийн бие хүнд бэртдэг. Аз болоход, эмч нар нохойн толгойг офицер Найтын биетэй амжилттайгаар нийлүүлж залган, дэлхийн хамгийн мундаг цагдаа “Нохой-Хүн”-ийг бүтээн, адал явдал цааш улам ч сонирхолтойгоор хөвөрнө.

Дейв Пилкийн уламжлалт бус, нэн шинэлэг хэв маягтай хөгжилтэй зурагт номууд нь  нөхөрлөл, тэсвэр тэвчээр, сайхан сэтгэлтнүүдийн ялалтын тухай өгүүлдэг болохоор хүүхдүүдийн хайрыг татаж, хамгийн түрүүнд унших дуртай номуудынх нь нэг болдог байна. Зохиолч өөрийн номуудаар дамжуулан уншигч хүүхдүүдийн төсөөлөн бодох, шинийг эрэлхийлэх, бүтээлч байдлыг нь дэмжих чин зорилготой ажээ. 

Бага насны хүүхдүүд хорвоо ертөнцийг өөрсдийн төсөөллөөр санаанд оромгүй зүйлсийг сэдэж, хөгжилдөн тоглох зуураа танин мэдэж байдаг. Өөрийгөө хангалттай илэрхийлж сураагүй бага насны хүүхдүүдэд уншихад хүнд, хэцүү хэллэгтэй урт өгүүлэмжтэй номоос илүүтэй тэдэнд онцгойлон зориулсан зурагтай, хөгжилтэй номыг сонгох нь зүйтэй. Шинийг бодож олж, танин мэдэх хүсэл нь оргилж байдаг хүүхдүүдэд шууд л номхон сууж, даруухан байх нь л зөв шүү гэж сургахаас илүү өөрийг нь ойлгож, хүлээж авдаг гэдгээ мэдрүүлэх нь  хамгийн чухал юм. Уншиж буй ном нь өөртэй нь ойр санагдаж, хөгжилтэй байлгахын зэрэгцээ үлгэр дуурайл нь болж чадвал таны хүүхэд номд дуртай, шимтэн уншигч болохын эхлэл болох билээ.