Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нидерландын шүүх зээ нарынхаа зургийг Фэйсбүүкт нийтэлсэн эмээг буруутай гэж дүгнэжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нидерланд улсын шүүх өчигдөр ээж, охин хоёрын маргааныг шийдвэрлэжээ. Ээж нь охиныхоо хүүхдүүдийн (зээ нарынхаа) зургийг эцэг эхийнх нь зөвшөөрөлгүйгээр Фэйсбүүк, Пинтерэст сошиал сайтуудад нийтэлснээс маргаан үүссэн байна.

Хүүхдүүдийн ээж зургуудыг устгахыг ээжээсээ хэд хэдэн удаа хүссэн ч зөвшөөрөөгүй тул шүүхэд гомдол гаргасан ажээ. Ингээд Нидерландын шүүх Европын Холбооны гишүүн орнуудад нэвтэрсэн GDPR (General Data Protection Regulation) хуулийн дагуу зургуудыг устгуулах шийдвэр гаргасан байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдүүдийн эмээ нийтлэгдсэн зургуудыг даруй устгах ёстой бөгөөд устгаагүй өнгөрсөн өдөр бүрийн тоогоор 50 еврогийн торгууль төлөх ажээ. Гэхдээ уг торгуулийн нийт дүн 1,000 еврогоос хэтрэх ёсгүй гэж шүүх шийдсэн байна.

Үүнээс гадна эмээ зээ нарынхаа зургийг цаашид эцэг эхийнх нь зөвшөөрөлгүй дахин нийтэлбэл өдөр бүр 50 еврогийн торгууль хүлээхээр болжээ.

Энэ нь 2018 оноос хэрэгжиж эхэлсэн GDPR хуулийн хүрээнд анх удаа гэр бүлийн дотоод маргааныг шийдсэн тохиолдол тул цаашид ижил төстэй хэргүүдэд жишиг болж үлдэх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: BBC