Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп анх удаа амны хаалт зүүж үзсэн ч хэвлэлийнхэнд харуулахыг хүссэнгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Мичиган мужийн Ипсиланти дахь Форд компанийн үйлдвэрт зочлохдоо анх удаа амны хаалт зүүж үзжээ.

Автомашин үйлдвэрлэдэг байсан тус үйлдвэр цар тахалтай тэмцэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор одоо амьсгалын аппарат болон бусад эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг болоод байгаа юм.

Үйлдвэрт зочилсон албаныхан бүгд амны хаалт зүүх журамтай ч Дональд Трамп ганцаараа үүнийг зөрчжээ.

Гэхдээ тэр хэвлэлийнхнээс далд амны хаалт анх удаа зүүж үзсэнээ энэ үеэр ярьсан байна.

“Би сая нэгийг зүүж үзлээ. Гэхдээ амны хаалттай байгаагаа хэвлэлийнхэнд харуулж, тэднийг баярлуулахыг хүссэнгүй” гэж Трамп дагаж явсан сэтгүүлчдэд ярьжээ.

Форд компанийн ерөнхийлөгч Билл Форд түүнийг үйлдвэрт ирэх үед амны хаалт зүүхийг санал болгоход хэсэгхэн хугацаанд зүүснийхээ дараа буцааж авсан тухай гэрчүүд мэдээлсэн байна.

Дональд Трамп АНУ-д цар тахал дэгдсэн энэ үед ганц ч удаа амны хаалт зүүсэн байдалтай олны нүдэнд өртөөгүй байгаа юм. Тэрбээр өмнө нь дэлхийн тэргүүлэгч гүрний удирдагчийн хувьд амны хаалт зүүх нь зохимжгүй хэрэг гэж ярьж байсан удаатай.

Өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп бас амны хаалт өөрт нь зохиж байсныг гайхуулан ярьжээ. 

 

Эх сурвалж: AFP