Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Дунд хугацаанд улсын дундаж цалинг 1,000 долларт хүргэх зорилготой үндэсний санаачилгыг хэрэгжүүлнэ"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол хүний бодит орлогыг дунд хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой “Дэлхийн дундаж орлоготой монгол хүн ” үндэсний санаачилгыг хэрэгжүүлэхээр МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн  холбоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, "Монголоо шинэчилье" клуб хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

“Дэлхийн дундаж орлоготой монгол хүн” үндэсний санаачилга нь дунд хугацаанд /6-8 жилд/ Монгол Улсын нийт эдийн засгийг тэлж ДНБ-ийг 40 тэрбум ам.долларт хүргэх, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10,000 ам.доллар, улсын дундаж цалинг /багш, эмч, төрийн албан хаагч нарын/ 1,000 ам.долларт тус тус хүргэх зорилготой аж.

"Монгол Улсын хөгжлийг тоон зорилготой болгож байгаа нь өөрөө онцлог" 

“Зорилгогүй бол дороо хий эргэхээс цаашгүй. Зорилготой бол илүү хурдтай явж чадна. Иймээс энэ дөрвөн байгууллага нэгдэн анх удаа Монгол Улсын хөгжлийг тоон зорилготой болгож байгаа нь өөрөө онцлог. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10,000 ам.доллар нь дэлхийн дундаж тул эдгээр тоон зорилтыг тавьсан.

2019 оны байдлаар Монгол Улсын нийт эдийн засаг ДНБ-ээр 13.7 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ 4,200 ам.доллар, үүний 10 хувь нь буюу 400 ам.доллар нь улсын дундаж цалин //багш, эмч, төрийн албан хаагчдын цалин/ байгаа юм. Монголоо шинэчилье клубээс сүүлийн хоёр жилийн хугацаанд монгол орны өмнөх арван жилийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдалд судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргасан бөгөөд өнөөгийн хөгжилтэй, томоохон эдийн засагтай орнуудын хөгжлийн туршлагыг судалсан. Иймд хийсэн судалгаанууддаа үндэслэн монгол хүний бодит орлогыг дунд хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх үндэсний санаачилгыг дэвшүүлсэн" гэдгийг "Монголоо шинэчилье" клубийг санаачлагч Д.Ганхуяг гарын үсэг зурах арга хэмжээний үеэр хэлэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Мөн тэрбээр "УИХ-ын сонгууль ойртож, намууд  мөрийн хөтөлбөрөө дэвшүүлдэг чухал үе. Зорилтыг  хэрэгжүүлэхэд үндсэн хоёр зарчим бий.

  1. Төр эдийн засаг дахь оролцоогоо хязгаарлаж иргэд хувийн хэвшлээ дэмжих
  2. хувийн хэвшлийн хийж чадах ажлуудад төр оролцохгүй байж, хийж чадахгүй дэд бүтэц зэрэг асуудал нь оролцох

Санаачилгын зорилго хэрэгжсэнээр монгол хүний амьжиргааны чанар олон улсын дундаж түвшинд хүрч чадна. Мөн энэ жилд төгрөгийн доллартой харьцуулсан худалдан авах чадвар 2.2 дахин унаж, ялангуяа 2016-2020 оны хооронд төгрөгийн ханш 40 гаруй хувиар уначихлаа. Энэ байдлаас шалтгаалан өргөн хэрэглээний бараанд импортын барааны агууламж өндөртэй монгол өрх иргэдийн амьжиргааны чанарт нөлөөлж, сүүлийн жилүүдэд ядуурлыг хамрах хүрээ 30 гаруй хувьд хүрсэн нь дэлхийн банкны судалгаагаар тогтоогдсон” гэлээ. 

"Төр бизнесийн орчинд зөв үлгэр дуурайл үзүүлэхийн оронд хамтарч, өрсөлдөх гэдгээ болъё"

 
Гэрэл зургийг MPA.mn

МҮХАТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Бид өнгөрсөн хугацаанд судалгаагаар эдийн засгийн моделиудаа гаргасан. Хамгийн чухал нь дотоодын нийт бүтээгдэхүүнээ тэлэх тухай асуудал. Тэлэхгүйгээр бид нийгмийн асуудлаа шийдэх, иргэдээ орлоготой байлгах орон зай харагдахгүй байна. Ялангуяа хувийн хэвшлийн ил тод манлайлалд суурилсан цаг үеийг сонгох хэрэгтэй. Төр бизнесийн орчинд зөв үлгэр дуурайл үзүүлэхийн оронд хамтарч, өрсөлдөх гэдгээ болъё. Мөн худалдааг дэмжих шаардлагатай” хэмээв.

Эдийн засгийн өндөр өсөлтийн бодлогын бодлогын хүрээнд хэрэгжүүлбэл зохих улс төрийн зөвшилцөл шаардлагатай томоохон төсөл хөтөлбөрүүд:

  1. Шинэ нисэх онгоцны буудалд түшиглэсэн худалдаа, үйлчилгээ, банк санхүү, тээвэр логистикийн чөлөөт бүс
  2. Сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж экспортлох
  3. Байгалийн хий дамжуулах хоолойн төсөл
  4. Нүүрсний гүн боловсруулалт (нүүрсийг хийжүүлэн байгалийн нийлэг хий болон шингэн түлш үйлдвэрлэх)
  5. Нүүрсний давхаргын метан хий олборлох, ашиглах төслүүд
  6. Овоотын коксжих нүүрсний уурхай (Хөвсгөл аймаг)-г эдийн засгийн эргэлтэд оруулах
  7. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгагдсан төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх
  8. Металлургийн салбарт зэс, хайлуулах, ширэм болон гангийн үйлдвэрүүдийн төслүүд
  9. Замын-Үүд дэх эдийн засгийн чөлөөт бүсийг ажиллуулах
  10. ХАА-н салбарт боловсруулах, үйлдвэрлэлийг дэмжих, ноолуур мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүний экспортыг  эрс нэмэгдүүлэх
  11. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах дулаан зөөвч Овоогийн цацраг идэвхт ашигт малтмалын боловсруулж атомын цахилгаан станцын түлш  /шар нутаг/ үйлдвэрлэх төслийг дэлхийд тэргүүлэгч Арева, Мицубиши компаниудыг дэмжиж хамтран хэрэгжүүлэх,
  12. Газрын ховор элементийн салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих, холбогдох төслүүдийг хэрэгжүүлэх
  13. Хармагтайн зэсийг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах
  14. Газрын тос боловсруулах үйлдвэрийг нефть химийн аж үйлдвэрийн цогцолборын хамтаар ашиглалтад оруулах
  15. Чинээлэг малчин хөтөлбөрийг дэмжих
 
Гэрэл зургийг MPA.mn

Арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын төр, засаг, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хэвлэл мэдээллийн салбар, эрдэмтэн судлаачид, ТББ, түнш орнууд олон улсын байгууллагууд, Монгол Улсынхаа нийт ард иргэддээ хандан үндэсний санаачилгыг дэмжих, шинээр төсөл, хөтөлбөр боловсруулж оролцох, хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахыг уриаллаа.