Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: ОХУ-д энэ долоо хоногоос халдварын тоо тогтворжиж байгааг мэдээллээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн улс орнууд дахь коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө.

Дэлхийн хэмжээнд халдварын тоогоор АНУ, ОХУ, Бразил улсууд тэргүүлсэн хэвээр байна. ДЭМБ-аас өчигдөр хийсэн ээлжит хэвлэлийн хурлын үеэр сүүлийн 24 цагт 106,000 гаруй хүн шинээр халдвар авсныг зарлаж, энэ нь халдвар анх гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болохыг мэдээлсэн. Дээрх халдварын гуравны хоёр нь АНУ, ОХУ, Бразил, БНЭУ-д бүртгэгдсэн байна.

АНУ

Тус улсад 24 цагийн хугацаанд 23,000 гаруй шинэ тохиолдол, 1,000 гаруй нас баралт бүртгэгджээ.

ОХУ

8,700 гаруй шинэ халдвар бүртгэгдсэн ОХУ-д нийт халдварын тоо 308,000 гаруй болж байна. Тус улсад тавдугаар сарын 2-ны өдрөөс хойш шинэ халдварын тохиолдол тасралтгүй өсөж, хоногт дунджаар 10,000 гаруй шинэ халдвар бүртгэгдэж байсан бол энэ долоо хоногоос халдварын тоо тогтворжиж байгааг мэдээлжээ.

Бразил

Тус улсад өчигдөр бараг 20,000 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 290,000-д хүрлээ.

Перу

Перуд халдвар эрчимтэйгээр тархаж байна. Тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар тус улсад бүртгэгдсэн халдварын тоо нийтдээ 104,000 болжээ.

БНЭУ

Өчигдөр 5,600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 106,000 гаруй болсон байна. Үүнээс эдгэрсэн 45,000, идэвхтэй халдвартай 63,000 гаруй байгааг мэдээлжээ. Тус улс ирэх долоо хоногоос дотоодын нислэгүүдээ нээх болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

БНСУ

Тус улсад сүүлийн хоногт 12 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн. Шинэ тохиолдлын 10 нь дотоодын халдвар байгаа бол хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн байна.

Шөнийн клубээс үүдэлтэй халдварын тохиолдол 197 болсон бол "Самсунг медикал" эмнэлгийн дөрвөн сувилагч хаанаас халдвар авсныг хараахан тогтоож чадаагүй байгааг мэдээллээ. Мөн халдвартай хүмүүсийн ойрын хавьтал болсон 1,200 гаруй хүнийг шинжилгээнд хамруулах ажил зохион байгуулж байгаа ажээ.

БНХАУ

Лхагва гарагт хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэний нэг нь дотоодын, нөгөө нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол байна. 

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/661083197779904/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.