Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдэд тань халуурах, биеэр нь юм туурах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 21
iKon.MN

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Дэлхий дахинд хүүхдүүдийн дунд гараад буй хордлогот шокийн хам шинжтэй төстэй тохиолдлыг манай улс ч бүртгэж эхэлсэн тухай ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа мэдээлэв.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/661083197779904/

"Хүүхдийн хордлогот шокийн хам шинжтэй төстэй тохиолдлыг манай улс бүртгэж эхэлсэн"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тэрбээр хэлэхдээ “Дэлхийн улс, орнуудад хүүхдүүдийн дунд хордлогот шокийн хам шинжтэй төстэй олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хүндрэл бүртгэгдэж байгаа.

Тухайлбал, Итали улсад 1-4 дүгээр сарын хугацаанд энэ хам шинжийн тохиолдол 30 дахин нэмэгдсэн.

АНУ-ын 14 мужид л гэхэд 200 гаруй ийм тохиолдол, гурван нас баралт бүртгэгдээд байна.

Франц, Их Британи улсад ийм хам шинжийн 230 гаруй тохиолдол, хоёр нас баралт бүртгэгджээ.

ДЭМБ-аас энэ хам шинжийн тодорхойлолт, бүртгэлийн маягтыг гаргасан.

Манай улс ч ЭХЭМҮТ болон үйл явдалд суурилсан тандалт судалгаагаар энэ хам шинжийг бүртгэж эхэлсэн” гэсэн юм.

"Ийм хам шинж илэрсэн хүүхдүүд гол төлөв эрчимт эмчилгээнд шилжиж буй"

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн улс, орнуудад олон эрхтэн тогтолцооны хам шинж хүүхдүүдийн дунд тархсан. Ийм хам шинж илэрсэн хүүхдүүд гол төлөв хүндэрч, эрчимт эмчилгээнд шилжиж буй.

Энэ талаар ДЭМБ-аас гишүүн орнууддаа анхааруулсаар байгаа.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөмжийг гаргасан.

Зөвлөмжид:

  • 3-аас дээш хоног халуурах
  • Биеэр тууралт гарах
  • Нүд улайх (идээт бус коньюкативит)
  • Арьс, салстын үрэвсэл (ам, гар, хөл)
  • Ходоод, гэдэсний цочмог хямрал (суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх)
  • COVID-19 батлагдсан хүнтэй ойр байсан
  • Хүүхэд идэвхгүй болох, унтаарах, сэрж чадахгүй байх ​эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй” хэмээн онцлов.
Дээрх шинж тэмдэг илэрвэл 119, 8008-6829 дугаарын утсанд яаралтай хандана уу.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.