Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

О.Ариунтуяа: Дэлхийн хүн амын ихэнх хувь нь COVID-19 халдварт өртөх өндөр эрсдэлтэй байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн  яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа оролцож, ДЭМБ-ын мэдээллээс танилцуулав.

Тэрбээр хэлэхдээ “2020 оны тавдугаар сарын 18,19-ний өдрүүдэд дэлхийн эрүүл мэндийн 73 дугаар чуулга уулзалт болсон.

Уг чуулга уулзалтад дэлхийн 130 улс, орны Засгийн газрын тэргүүн оролцсон бөгөөд дөрвөн чухал зүйлийг тогтоолоор баталсан юм.

Үүнд:

  1. COVID-19 цар тахалтай тэмцэхэд зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн технологийн хангамжийг хүртээмжийг тэгш хуваарилах,
  2. Оюуны өмчтэй холбоотой заалтуудыг багтаасан олон улсын холбогдох гэрээг дагаж мөрдөх,
  3. Цар тахлын тархалтыг зогсоохын тулд COVID-19 вакциныг дэлхийн эрүүл мэндийн тусгай ангилалд оруулах,
  4. Хувийн хэвшил болон Засгийн газрын санхүүжилттэй судалгаа, бүтээн байгуулалтыг дэмжихэд хамтран ажиллах зэрэг багтаж байна.

"Номхон далайн баруун бүсийн ихэнх орнуудад халдварын тархалт буурч байна"

ДЭМБ-ын мэдээллээр сүүлийн 24 цагт халдвар ОХУ-д гурван хувиар, Бразилд таван хувиар, АНУ болон Их Британид нэг хувиар нэмэгдсэн байна.

Харин нас баралт ОХУ-д нэг хувь, Германд 4.5 хувь, Бразилд зургаан хувь, Их Британид 14 хувьтай байна.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн ихэнх орнуудад тархалт буурах хандлагатай байгаа бөгөөд Камбож, Лаос зэрэг улсад 36 хоногийн турш шинээр халдвар гараагүй байна.

Харин Вьетнамд сүүлийн 10 хоногийн турш коронавирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Тус улс хязгаарлалтын арга хэмжээнүүдээ бүгдийг нь цуцлаад байгаа юм.

Мөн Япон, Малайз, БНСУ-д шинэ тохиолдлын тоо буурсаар байна. Сингапурт гарч байгаа ихэнх тохиолдол нь мөн гадаад ажилчдын дотуур байрны голомтоос илэрсэн байна.

Тавдугаар сарын 11-17-ны өдрүүдэд БНХАУ-ын Хубэй мужид 1.5 сая хүнд тест хийснээс шинж тэмдэггүй тохиолдлын тоо 1 сая 46 гарсан байна. Энэ нь дөрөвдүгээр сарын 1.6 саяас эрс буурсан үзүүлэлт юм" гэв.

Үргэлжлүүлэн "Судалгаануудаас харахад тархалт өндөр байгаа бүс нутагт хүн амын дундах эсрэг биеийн хувь 20-оос хэтрэхгүй байгаа бөгөөд ихэнхдээ 10 хувиас илүү гарахгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, энэ нь дэлхийн хүн амын ихэнх хувь нь COVID-19 халдварт өртөх өндөр эрсдэлтэй гэсэн үг" гэдгийг онцлов.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/661083197779904/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.