Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Нью Йорк мужийн Ази гаралтай иргэдийн дунд ажилгүйдэл хамгийн их нэмэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Цар тахлын үед Нью Йорк мужийн Ази гаралтай иргэдийн ажилгүйдлийн түвшин бусад гарал угсаатнуудынхаас илүү өндөр байгааг саяхан гаргасан судалгааны тоо баримт харуулжээ.

Тавдугаар сарын 9-ний байдлаар сүүлийн зургаан долоо хоногийн хугацаанд 195,000 гаруй ази гаралтай америкчууд ажилгүйдлийн тэтгэмж хүссэн нь өнгөрсөн оны мөн үеэс 56 дахин өссөн үзүүлэлт болохыг Нью Йорк мужийн хөдөлмөр эрхлэлтийн газрын тайланд өгүүлсэн байна.

Өсөлтийн хувиар харьцуулбал энэ нь бусад гарлын америкчуудынхаас нэлээд өндөр байгаа юм.

 

Тодруулбал ижил хугацаанд испани буюу латин гаралтай америкчуудын ажилгүйдлийн өсөлт 16 дахин, цагаан арьстнуудынх 15 дахин, африк гаралтнуудынх 11 дахин өссөн байна.

Үүнд арьс өнгөөр ялгаварлах үзэл голлон нөлөөлж байж болзошгүйг судлаачид анхааруулжээ. Тавдугаар сарын 9-ний байдлаар АНУ даяар 36 сая гаруй хүн ажилгүйдлийн тэтгэмж хүсээд байна.

Дөрөвдүгээр сард тус улсын ажилгүйдлийн түвшин 14.7 хувьд хүрсэн юм.

Нью Йорк мужийн хувьд ази гаралтай америкчууд нийт ажиллах хүчний 9 орчим хувийг эзэлдэг ч шинээр ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн хүмүүсийн 12.4 хувийг бүрдүүлжээ.

Жилийн өмнө тэд ердөө 3.7 хувийг бүрдүүлж байсан юм.

Харьцуулбал нийт ажиллах хүчний 19 хувийг бүрдүүлдэг латин гаралтай иргэд ажилгүйчүүдийн 15.7 хувийг, 18 хувийг бүрдүүлдэг африк гаралтнууд 13.5 хувийг бүрдүүлжээ.

“Үүнийг тайлбарлах олон шалтгаан байгаа ч Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэл хамгийн гол хүчин зүйл юм. Ази гаралтай хүмүүс бүгд вирусийн халдвартай гэсэн ерөнхий ойлголт цар тахлын эхэн үед байгууллагуудад бий болсон нь ажилгүйдэл өсөх гол шалтгаан болсон” гэж Нью Йоркийн Албаний их сургуулийн социологич Энжи Чун тайлбарласан байна.

Нью Йорк хотод анхны халдвар илрэхээс өмнө буюу хоёрдугаар сараас тус хотын Чайна таун дахь бизнесүүдийн орлого 50-70 хувиар буурсныг Ази-Америкчуудын Бизнесийг Дэмжих Төв мэдээлжээ.

АНУ-д сүүлийн жилүүдэд Ази гаралтай хүн амын тоо хамгийн хурдтай нэмэгдэж байгаа. 2017 оны байдлаар тус улсад зүүн, зүүн өмнөд болон өмнөд Азийн 20 гаруй улсаас гаралтай 20 сая хүн бүртгэгдсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.

Өмнө нь тохиолдож байсан санхүүгийн хямралуудын үед Ази иргэдийн дунд ажилгүйдэл улсын дунджаас бага байсаар ирснийг түүхэн тоо баримт харуулдаг. 

Ази гаралтай иргэд АНУ-ын компьютерийн програм болон техник хангамжийн инженерүүдийн гуравны нэг гаруйг, анагаах ухааны мэргэжилтнүүдийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг болохыг 2019 оны хүн амын тооллогын мэдээлэл харуулж байна. 

Гэхдээ нөгөө талаас нь харвал гоо сайхны салон зэрэг үйлчилгээний байгууллагуудад ажилладаг 10 хүн тутмын зургаа нь Ази гаралтнууд байгаа ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post