Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Франк Юнг: Найзууд “Танай Монголд ямар сайхан амгалан юм бэ. Очих юмсан” гэж ярьж байна

Д.Даваасүрэн, Өдрийн сонин
2020 оны 5 сарын 20
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Манай улс гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ ээлж дараалан татаж авсаар байгаа. Харин манай улсаас нутаг буцах хүсэлтэй гадаадын иргэд бага байна. Энэ бол манай улсад итгэж найдаж байгаагийн нэг тод жишээ юм. Ингээд бид Монголд амьдарч буй гадаадын иргэд ямар бодол, сэтгэгдэлтэй явдаг талаар Герман улсын иргэн Франк Юнгтай ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө танд уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе.

-Баярлалаа. Надад бас таатай байна. Монголын өдөр тутмын сонинд зочноор уригдана гэдэг нэр төрийн хэрэг гэж би талархлаа илэрхийлэх нь зүйтэй болов уу.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би герман хүн. Намайг Франк Юунк гэдэг. Би монгол эхнэртэй. Одоо гэр бүлийн хамт амьдарч байна.

-Монголд хэчнээн жил амьдарч байна вэ?

-Би Монголд амьдраад есөн жил болсон байна. Анх Монголд ирж байснаас хойш цаг хугацаа маш хурдан өнгөрсөн байна шүү.

-Та ямар ажил эрхэлдэг хүн бэ?

-Барилгын инженер мэргэжилтэй. Одоо бол тэтгэвэрт гарсан байна.

-Энэ олон жил Монголд амьдрахад юу таны сэтгэлийг хөдөлгөж, эх орноос тань дутахааргүй элгэмсэг, ойр дотно байлгаж чаддаг вэ?

-Байгаль их сайхантай. Үзэсгэлэнтэй. Өөрийнхөө дураар эрх чөлөөтэй, амгалан тайван амьдрах боломжийг Монгол л надад мэдрүүлдэг. Есөн жил намайг Монголд байхад надаас Та хэдэн настай вэ? гэж хэн ч асууж байгаагүй.

Харин Та юу хийж чаддаг вэ? гэж асуудаг. Энэ нь надад маш таатай санагддаг. Учир нь Европын орнуудад нас их чухалд тооцогддог. 55 наснаас дээш бол ажилд ороход бэрхшээлтэй. Бараг боломжгүй.

Гэтэл Монголын хэв маяг, ёс заншил их өөр. Харин ч нас нэмэх тусам эргэн тойрны хүмүүсийн хүндлэл нэмэгддэг нь анзаарагдсан. Настай хүмүүст их хүндлэлтэй харьцдаг нь их дулаан мэдрэмж төрүүлдэг. Европт зарим залуу үеийн бодлоор бол тэдэнд ямар нэг байдлаар хөгшин хүмүүс садаа болж байгаа юм шиг санагдах үе байна.

-Коронавирусийн халдвар дэлхийг бүхэлдээ бүрхээд буй энэ цаг үед хэн бүхэн л айдастай байна. Танд энэ үед нутаг руугаа буцах тухай бодол төрөв үү?

-Германд би ганцаараа. Хамаатан садан гээд байх хүн бараг байхгүй болсон. Харин Монголд бол миний эхнэр, хүүхэд, ач гуч гээд хамгийн том гэр бүл минь байгаа учраас хаана амьдрах вэ? гэсэн асуудал шууд шийдэгдчихэж байгаа юм. Тиймээс нутаг буцах юмсан гэсэн хүсэл нэг их төрөөд байдаггүй.

Монголд энэ өвчний талаар аль эрт ярьж, иргэдэд амны хаалт зүүхийг зөвлөж ирсэн. Тиймээс их тайван хүлээж авсан, Би нэгдүгээр сард төрсөн нутагтаа очиж найз нөхөдтэйгөө уулзаад ирсэн. Тухайн үед найзууд манай Монголд гудамжаар явж буй хүмүүс бүгд амны хаалттай явдаг.

Улс даяар тэмдэглэдэг Цагаан сарын баярыг хийхийг цуцалж, орон нутгийн замын хөдөлгөөнийг хориглосон гэж ярихад итгэдэггүй, тоглоом хийдэг байсан.

-Тухайн үед Европын орнуудад халдвар тархаагүй нь тэгж хүлээж авахад нөлөөлсөн байх. Тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Бүр итгэхгүй. Ямар сонин юм, арай сүртэй байна уу, асуудалд арай л сүртэй хандаж байна гэж хүлээж авдаг байлаа.

-Одоо Герман дахь найзуудын тань бодол, хандлага өөрчлөгдсөн байж таарах нь ээ?

-Байдал яг эсрэгээрээ болсон. Бид энд тайван алхаж байгаа бол Германд ч гэлтгүй Европууд айдас, түгшүүртэй, амны хаалттай явахыг зөвлөж байна. Мөн олон хүнтэй газраар явахыг хориглож байна шүү дээ. Найзууд маань “Танай Монголд ямар сайхан амар амгалан юм бэ. Болдогсон бол очих юмсан” гэж ярьж байна.

-Европын орнуудад халдвартай холбоотойгоор ази хүмүүсийг гадуурхах байдал газар авсан. Одоо бүр даамжраад аль ч улсад гадаад хүнийг гадуурхах тал ажиглагдах боллоо. Танд энэ байдал мэдрэгдэж байна уу?

-Гадаадын сувгуудаар энэ тухай мэдээ их гарч байхыг би үзсэн. Би өнөөдрийг хүртэл Монголд ямар нэг байдлаар гадуурхагдсан, над руу хүмүүс онцгүй харсан зүйл болоогүй. Хүүхдүүдтэйгээ дэлгүүр ороод гарахад хэн ч намайг гадаад хүн гэсэн нүдээр харж байхыг би хараагүй шүү.

Манай зарим гадаад найзууд ч энэ тухай ярьдаг. Тэд маш тайван байгаа. Монголчуудын энэ дотно, элгэмсэг байдал нь надад таалагддаг. Тэд хэнийг ч ялгадаггүй. Сүүлийн үед харин нэг зүйл ажиглагдах боллоо.

-Таны ажигласан зүйл юу болохыг мэдэж болох уу?

-Амны хаалтгүй хүмүүс их болсон байна. Хэдэн сарын турш амны хаалттай явсан иргэд халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байхад илүү хайнга болоод байх шиг санагдсан. Гадуур маш олон хүүхэд тоглож байна. Монгол Улс халдвартай маш сайн тэмцэж байгаа. Гэтэл ийм ялихгүй асуудлаас үүдэж хяналтаа битгий алдаасай л гэж бодож байна.

Зураг