Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп АНУ-д бүртгэгдсэн Covid-19 халдварын тоог “нэр хүндийн баталгаа” гэлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт сэтгүүлчидтэй уулзсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тоог “нэр хүндийн баталгаа” гэж тодорхойлжээ.

“Халдварын тохиолдол маш олноор илэрснийг би муу зүйл гэж бодохгүй байна. Харин ч манай улс дэлхийд хамгийн олон оношлогоо хийж чадаж байгаагийн илрэл, үнэн хэрэгтээ нэр хүндийн баталгаа юм” гэж Трамп мэдэгдсэн байна.

Түүний энэ мэдэгдэл тэр дороо ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ. Конгресс дахь Ардчилсан Намын улс төрчид халдварын тохиолдол дэлхийд тэргүүлэх тоотой байгаа нь “удирдлагын алдаатай бодлогын илрэл” гэж мэдэгдсэн байна.

Дональд Трампын засаг захиргааг цар тахлын эсрэг муу тэмцэж байна гэж өрсөлдөгчид нь шүүмжилдэг. 

Өмнө нь Трамп болон түүний шадар хүмүүс АНУ гүйцэтгэсэн оношлогооны тоогоор дэлхийд тэргүүлж байгааг бахархалтайгаар мэдэгдэж байв. Ингэхдээ Трамп энэ тал дээр дэлхийд гайхагдаж байгаа Өмнөд Солонгосыг гүйцэж түрүүлснээ сайрхан ярьсан юм.

Үнэн хэрэгтээ хүн амынх нь тоотой харьцуулбал түүний хэлсэн баримт худал болохыг мэдэж болохоор байв. Тухайлбал Өмнөд Солонгос нь АНУ-аас зургаа дахин цөөн хүн амтай. Харин АНУ-ын Covid-19 өвчнөөр нас барсан өвчтөний тоо нь Өмнөд Солонгосынхоос 300 орчим дахин өндөр байгаа юм.

Өнөөдрийн байдлаар АНУ-д батлагдсан халдварын тохиолдол 1.5 саяыг давж, нас барсан өвчтөний тоо нь 91,000 хүрээд байна. Харьцуулбал дэлхий дахинд 4,9 сая тохиолдол бүртгэгдэж, 322,000 орчим хүн нас баржээ.

 

Эх сурвалж: Business Insider