2020/10/01
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.72₮
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
-1°
|
-7°
16:00
S30
17:00
S30
18:00
S30
19:00
S29
-2°
20:00
S29
-3°
21:00
S31
-4°
22:00
S31
-4°
23:00
S31
-5°
00:00
S31
-5°
01:00
S31
-6°
02:00
S29
-6°
03:00
S29
-6°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Интермед” эмнэлэг хиймэл оюун ухааны технологийг ашиглаж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 20
Сурталчилгаа
Зураг

“Интермед” эмнэлгийн дүрс оношилгооны эмч Б.Баярбаатартай ярилцлаа.

-Хиймэл оюун ухааныг дэлхийд ямар салбарт, яаж ашиглаж байна вэ?

-Анагаахын салбарт эмч, мэргэжилтнүүдийн оношилгоо эмчилгээний чанарыг сайжруулах чиглэлд илүү ашиглаж байна. Дэлхийд анагаахын салбарт яаж ашиглаж байна вэ гэдгээр жишээ аван тайлбараа хийх нь зүйтэй байх. Өвчнийг цаг алдалгүй оношлох, улмаар судалгаа шинжилгээ хийх давуу талтай. Яг одоогийн нөхцөлд, “ковид”-ын үед ашиглаж байгаа тод жишээ бол хүний биеийн халууныг автоматаар үзэж байна. Мөн вакцин бүтээхийн төлөө улс орон бүр өрсөлдөж буй энэ үед хиймэл оюун ухааныг өргөнөөр ашиглаж байгаа. Хэрэв вакцин, шинэ эм бүтээхийн тулд гурав, дөрвөн сар, жил зарцуулдаг бол хиймэл оюун ухааны тусламжтайгаар 3-4 долоо хоногийн дотор ч нээх боломжтой болсон. Энэ нь маш их зардал, маш их цаг хэмнэж байна гэсэн үг. Хиймэл оюун ухааныг урьдчилан сэргийлэх үзлэг, эрт оношлох, эмчлэх, эмчийг зөв эм сонгох, зөв онош тавихад чиглүүлэх байдлаар ашиглаж байна.

-Хиймэл оюун ухааныг хувь хүн амьдралдаа ашиглах боломж бий юу?

-Бид амьсгалах бүртээ ч юм уу, алхам тутамдаа дата бүтээж байна. Өглөө бид гэрээсээ гараад дэлгүүрийн, эсвэл машины камерын бичлэгүүдэд бичигдэж байна, бид утсаар ярихдаа тодорхой хэмжээний дата үйлдвэрлэж байна. Та эмнэлэгт хэдэн удаа эмчлүүлж байсан, өмнө нь ямар өвчнөөр өвчилж байсан, ямар шинжилгээ хийлгэж, ямар лабораториор үйлчлүүлж, өмнө нь ямар дүрс оношилгооны шинжилгээ хийлгэж байсан, энэ бүгд дата буюу их өгөгдөл гэсэн үг. Тэгэхээр бидний өдөр тутам бүтээж байгаа их өгөгдөл дээр л хиймэл оюун ухаан суурилж гарч ирж байна гэж ойлгож болно.

Бид хиймэл оюун ухааныг өдөр тутамдаа ашиглаж байна. Гар утсан дээрх аппликейшнээрээ алхалтаа тоолж байна. Мөн хэдэн минут гүйж байна гэдгээ хэмжиж байна. Эдгээрээс цугларсан мэдээллийг бусад хүмүүсийн мэдээлэл, стандартуудтай харьцуулан хэрэглэгчид тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээ, дасгал хөдөлгөөн, идэх хоолыг санал болгож байна. Энэ бүгд цаанаа хиймэл оюун ухааны бүртгэл дээр суурилагдсан байгаа.

-Монголд “Интермед” эмнэлэгт оношилгоонд хиймэл оюун ухааныг ашиглаж эхэлсэн гэсэн. Хэдийнээс нэвтрүүлэв?

-Монголд “Интермед” эмнэлэг анх удаа хиймэл оюун ухааны аппликейшнийг ашиглаж, их өгөгдөл буюу Big Data дээр суурилсан бүтээгдэхүүнийг нэвтрүүлэн ажиллаж байна. Одоогоор Израилийн “Зебра” компанитай хамтраад дөрвөн төрлийн аппликейшнийг эхний ээлжинд туршиж байна. Ингэхдээ хиймэл оюун ухааны төхөөрөмжийг бид дан өөрөөр нь уншуулан, шийдвэр гаргуулаад байна гэсэн үг биш. Хиймэл оюун ухаанаар уншсан дүгнэлт болгоныг дүрс оношлогооны эмч нар давхар хянаад явж байгаа юм.

“Интермед” эмнэлэг дээр яагаад хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх болсон бэ гэхээр, нэгдүгээрт, энэ эмнэлэгт өндөр хүчин чадалтай дүрс оношлогооны төхөөрөмжүүд байдаг. Тиймээс дэлхийн хаана ч Япон, Америк, Солонгост хөгжүүлсэн хиймэл оюун ухааны бүтээгдэхүүнийг өөрийн өндөр чанартай шинжилгээний зурагнууд дээрээ ашиглах боломжтой юм.   Төхөөрөмжүүдээс гарч ирсэн шинжилгээний хариу, зургийг хадгалдаг, солилцдог PACS /Picture archiving and communication system/ систем байдаг. Үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндийн түүхийг цахим болгож хадгалдаг гэсэн үг. Эдгээр зүйлс байгаа учраас “Интермед” эмнэлэг дээр хамгийн хурдан хугацаанд хиймэл оюун ухааныг ашиглах боломж бүрдэнэ гэж ойлгож болно. Цаашид модулууд нэмэгдээд, баяжуулаад явахаар дээр дурдсан дөрвөн төрлөөс гадна өөр оношилгоонууд дээр ч ашиглах юм.

 
 

-Ямар оношилгоон дээр ашиглаж байгаа юм бол. Алдаа гарах магадлал хэр вэ?

-Уг хиймэл оюун ухааны үйлчилгээгээр 4 төрлийн эмгэгийг тодорхойлох боломжтой. Нэгдүгээрт, уушгины гялтангийн хөндийд шингэн хурсныг оношлох. Уушгины үрэвсэл болон маш олон шалтгааны улмаас уг шингэн хурдаг. Үүнийг автоматаар уушгины рентген зураг дээр тодорхойлоход ашиглаж байна.

Хоёрдугаарт, цээжний хөндийд хий хурах. Үүнийг маш хурдан хугацаанд олж эмчлэхгүй бол өвчтөний амь насанд эрсдэлтэй байдаг. Гуравдугаарт, компьютер томограф дээр нурууны нугалмын дарагдлын хугарлыг тодорхойлох, дөрөвдүгээрт, тархинд цус харвалтыг илрүүлэх боломжтой.

Одоогоор нурууны нугалмын дарагдлын хугарал болон тархин дахь цус харвалтыг илрүүлэхэд туршаад явж байгаа. Хиймэл оюун ухааны алгоритмийн найдвартай болон алдаагүй ажиллагааг хангаж, үйлчлүүлэгчдэд чанартай, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд дүрс оношилгооны эмч нар давхар хянаж байна.

-Ирээдүйд хиймэл оюун ухаан онош тавьж, эмчилдэг болно гэж ойлгож болох уу?

-Би хувьдаа ингэж ойлгож байгаа. Хүн одоо дангаараа ажиллаж байна. Хиймэл оюун ухаан орж ирснээр “хиймэл оюун ухаан + хүн” гэсэн хувилбар ирээдүйд илүү зонхилох болов уу. Цаашлаад хиймэл оюун ухаан, хүн хоёр хамтарч ажиллаж байгаад, хүн нь хиймэл оюун ухаандаа тодорхой хэмжээнд үнэлгээ өгч, хиймэл оюун ухаан үнэхээр сайн ажиллаж, зарим нэгэн эмгэгийг оношлох итгэл төрж, үнэн магадтай байж чадвал хиймэл оюун ухаан дангаараа өвчнүүдийг оношлоод явна гэсэн зураглалыг харж байгаа.

Тэгэхээр хиймэл оюун ухаан хөгжихийн тулд хүмүүс өөрсдөө илүү сайн байх ёстой. Хиймэл оюун ухаан бол хүнээс байнга нэг алхам хойно явна. Яагаад гэхээр, хиймэл оюун ухааныг тэжээж байгаа эх өгөгдлийг хүмүүс л бий болгож байна. Хэрвээ хүмүүс сайн өгөгдөл бий болговол, эмч нь хэрвээ уг өвчнөө сайн оношилж чаддаг байвал түүнийг дагаад бидний бүтээсэн өгөгдөл, датан дээр суурилж бий болсон хиймэл оюун ухаан нь илүү сайн, хүчирхэг болно гэж ойлгох хэрэгтэй.

“Интермед” эмнэлэгт хиймэл оюун ухааныг ашиглаад тархины цус харвалтыг оношилж байгаа гэж түрүүнд хэлсэн дээ. Тархинд цус харвах гол шалтгаан нь осол гэмтэл байдаг. Осол гэмтэл бол дэлхий нийтээр үхлийн тэргүүлэх шалтгааны нэг болдог. Тэгэхээр энэ эмгэгийг, хамгийн хугацаанд оношлоод, маш яаралтай зохих арга хэмжээ авах шаардлагатай. Хэрэв бид хиймэл оюун ухааныг ашиглавал яаралтай тусламжийн юм уу, гэмтлийн эмч нь таван секундын дотор тархинд цус харвалт байгаа эсэхийг тодорхойлоод, эмнэлзүйтэйгээ уялдуулан шийдвэр гаргах боломжтой. Харин үүний үнэн магадтай байдлыг нарийн мэргэжил эзэмшсэн, дэлхийн хэмжээнд боловсорсон дүрс оношилгооны эмч нар л хангаж байх ёстой гэсэн үг.

-Хиймэл оюун ухааныг заавал дүрс оношилгоон дээр ашигладаг нь ямар учиртай юм бэ?

-Үйлчлүүлэгч эмнэлэгт орж ирээд хамгийн түрүүнд рентген зураг авахуулдаг. Үргэлжлүүлээд, зовиур шаналгаа, эмчилгээний заалтаасаа хамааран компьютер томограф, МRI, цөмийн оношилгоо зэргийг хийлгэж байгаа учраас маш их хэмжээний зурган мэдээлэл, өгөгдлийн сан бүрдэх боломж олгосон. Тэгэхээр энэ их өгөгдлийн сан дээр хиймэл оюун ухаан нь хамгийн их хөгжих боломжтой юм.

Нөгөөтэйгүүр, дүрс оношилгоо нь технологийн болон компьютерийн салбартай уулзаж байгаа анагаахын гол салбар. Дүрс оношилгоо, технологийн салбарын хөгжил шууд уялдаа холбоотой явагддаг. Ийм утгаараа шинээр гарч байгаа технологийн дэвшилд дүрс оношилгооны салбар их мэдрэг, нэгнийгээ дагаж урагшаа хөгждөг. Хоёрдугаарт, дээр хэлсэн, бидэнд их өгөгдөл гэдэг юм байна. Гуравт, агуулсан датагаа энэ ямар өвчин бэ гэдгийг тодорхойлох чадвартай байна. Өвчин болгон нэртэй учраас үүн дээр үндэслээд хиймэл оюун ухааны аппликейшнийг боловсруулах боломжтой болно гэсэн үг.

-Улс орон бүрийн өгөгдөл өөр байдаг уу?

-Өндөр хөгжилтэй орнууд удаан хугацаанд датагаа хадгалдаг, хоорондоо мэдээлэл солилцдог мэдээллийн сан нь удаан хугацаанд үүссэн байдаг. Түүн дээр үндэслээд судалгаа шинжилгээ их хийдэг. Дээр нь боловсон хүчин сайтай учраас түрүүлж алхах боломж байна. Монголчуудын хувьд дүрс оношилгооны салбар гэхэд, зургийг хадгалдаг, хооронд нь солилцдог систем нь нэвтрээд удаагүй болохоор тийм их хэмжээний дата байхгүй. Мөн эрүүл мэндийн салбарт онцгойлон аваад, хиймэл оюун ухаан дээр суурилсан бараа бүтээгдэхүүнийг боловсруулах баг хамт олон хангалттай хэмжээнд хөгжөөгүй байна.

-Тэгвэл өндөр хөгжилтэй орны биш, Израилийн төхөөрөмж, аппликейшнийг сонгосон нь учиртай юм байна, тийм үү?

-Бидний хамтарч буй Израилийн компанид олон үндэстний эрүүл мэндийн дата цугласан учраас бүтээгдсэн хиймэл оюун ухааны аппликейшн, төхөөрөмж нь олон газар таарах магадлалтай гэсэн үг. Зөвхөн Америкийн датан дээр суурилсан уушгины хавдрыг тодорхойлох хиймэл оюун ухааны бүтээгдэхүүнийг Монголд ашиглавал тэр нь Америкдаа 80 хувийн үнэн магадтайгаар байлаа гэхэд Монголд тэр нь 70 хувь байх боломжтой. Яагаад гэвэл, нэгдүгээрт, ашиглаж байгаа тоног төхөөрөмж нь өөрөө Америк, Монголд өөр байж болно. Хоёрдугаарт, хүмүүсийн нь зонхилон тохиолдох эмгэгүүд өөр байж болно. Гуравдугаарт, түүнийг уншиж байгаа эмч нарын туршлага өөр байж болно. Жишээ нь, саркодозис өвчин Америкт илүү зонхилон тохиолддог, Монголд байхгүй, тохиолдол цөөн байж болно. Тэгэхээр энэ өвчний Америкт байгаа датаг Монголд авчирвал илүү ажиллана. Яагаад гэвэл, тэнд маш олон кэйс байна гэсэн үг.

-Цаашдаа хиймэл оюун ухааныг хөгжүүлж чадвал онош тодрохгүй, буруу оношлох явдал гарахгүй гэж ойлгож болох уу?

-Хүний цээжийг зүгээр чагнах, чагначихаад рентген зурагт харж оношоо тавих хоёрын аль нь илүү өндөр үнэн магадтай байх боломжтой вэ. Үүнтэй адилхан ярианыхаа эхэнд дурдсан хиймэл оюун ухаан гэдэг нь хэрэглэгдэхүүн юм. Хүний амьдралын чанарыг сайжруулах, анагаахын салбарт эмчийн оношилгооны чанар, чадварыг дээшлүүлэх хэрэглэгдэхүүн. Хэрвээ бид хэрэглэвэл өвчтөнүүдээ 80 хувийн үнэн магадтайгаар оношилдог байсан бол 90 хувийн үнэн магадтайгаар оношилно гэсэн үг. Үүн дээрээ үндэслээд оношилгооны алдаа буурна гэж ойлгож байгаа. Бас үйлчлүүлэгч цаг алдалгүй хурдан үйлчилгээ авах боломжтой болно.

Хиймэл оюун ухааны ашигладаг их өгөгдөл бол ерөөсөө л туршлага. Тэгэхээр олон жил ажилласан туршлага буюу датанд суурилан хиймэл оюун ухааныг ашиглан тухайн өвчнийг оношилж, эмчлэх программыг бүтээж, хот, хөдөөгийн эмнэлгүүдэд суурилуулбал бүх эмнэлэгт 20-30 жилийн туршлагатай эмч нар ажиллаж байгаатай адилхан гэсэн үг. Эмч нар тэр программыг ашиглан өвчнийг алдаа мадаггүй оношлох боломжтой. Энэ нь эрүүл мэндийн салбарын үйлчилгээний тэгш бус байдлыг бууруулаад зогсохгүй бүтээмжийг нэмэгдүүлнэ.

-Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүнийг техник, технологи орлох зүйлсийг бүтээж байна. Жишээ нь, робот хүний ажлыг хөнгөвчилж байна. Өвчтөнтэйгөө тулж харьцах ёстой эмч нарыг хиймэл оюун ухаан нөхөж чадах уу?

-Ирээдүйд эрүүл мэндийн салбарт ажиллах хүч болон өвчтөнүүдийн харьцаа алдагдаж байна гэж үзэж байгаа. Ялангуяа сувилахуйн салбарт сувилагч маш их дутагдалтай байна. Энэ дээр робот сувилагч нар оруулж ирж болж байна. Тодорхой хэмжээний үйлчлүүлэгчид хор нөлөө хүргэхээргүй үйлдлүүдийг хийж чаддаг роботуудыг ашиглавал дутагдаад байгаа эрүүл мэндийн ажилчдын орон тоог нөхөх боломжтой гэж үзэж байгаа.

Ер нь ирээдүйд хувь хүнд чиглэсэн эмчилгээний тактик, нэг хүнд зориулсан эмэн эмчилгээ, шинжилгээ гэдэг зүйл рүү дэлхийн эрүүл мэндийн салбар чиглэн явж байна. Нэг хүн рүү чиглээд ирэхээр тэр хүний эрүүл мэндийн зардал нь өснө гэсэн үг. Тэгэхээр энэ өсөлтийн эсрэг бид яах ёстой вэ гэхээр, хиймэл оюун ухаанаа ашиглах хэрэгтэй. Зөвхөн энэ хүнд энэ эм таарах нь байна шүү гэдгийг хиймэл оюун ухаан гаргаж ирвэл зардал нэлээд хямдхан болно гэсэн үг. Яагаад гэхээр, хажуугаар нь ажиллах хүчний зардал, цаг, өөр бусад эм үйлдвэрлэдэг хүмүүсийн сургалтын гээд бусад зардлыг хэмнээд тооцоод үзэхээр хувь хүнд чиглэсэн эмчилгээ, үйлчилгээ хийхэд хиймэл оюун хямд төсөр тусна гэсэн үг.

Хүний оюун ухааны оролцоо багатай, олон давтамжтай хийгддэг ажлыг төхөөрөмжөөр гүйцэтгүүлснээр эмч нарт өвчтөнтэйгөө ярилцах, зөвлөгөө өгөх, олон төрлийн өвчнийг хооронд нь ялгах оношлох гэх мэт ажлаа хийх боломжийг нь олгоно. Ингэснээр ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ, өвчтөнийг оношлох цагийг хэмнэнэ. Өвчтөнийг богино хугацаанд оношлох нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлөөд зогсохгүй зардлыг хэмнэх юм.

-Эцэст нь, өөрийгөө манай уншигчдад танилцуулаач. Хиймэл оюун ухааны талаар өмнө нь хүмүүс нэг их ярьж байгаагүй учир хүмүүст танилцуулах нь зүйтэй байх?

-2015 онд “Этүгэн” их сургуулийг төгсөөд, 2016-2019 онд Тайландын Махидолын их сургуулийн “Сирираж” сургалтын эмнэлэгт дүрс оношилгооны эмчийн нарийн мэргэжил эзэмшсэн. Харвардын Массачусетсийн ерөнхий эмнэлэг дээр цээжний хөндийн дүрс оношилгооны чиглэлээр нарийсган суралцсан. Би “Хиймэл оюун ухааныг ашиглаад уушгины хавдрыг хэрхэн тодорхойлох вэ” гэдэг судалгаа хийсэн. Судалгаагаар, ер нь хиймэл оюун ухааны төхөөрөмж эмч нарын оношилгооны чадварыг 13,5 хувиар нэмэгдүүлж байна гэсэн үр дүн гарсан байгаа. Одоо мөн хоёр дахь судалгааны ажлаа эхлүүлээд явж байна. Хиймэл оюун ухааныг ашиглавал зардлыг хэдэн хувиар хэмнэх вэ, эмч нарын хувьд оношилгооны чадварыг, үнэн магадтай байдлыг хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ, эмч, хиймэл оюун ухаан хоёр цуг алхвал яах вэ. Гэхдээ эмч эмчдээ итгэдэг шиг хиймэл оюун ухаанд итгэх нөхцөл байдал арай үүсээгүй байна. Тийм учраас хиймэл оюун ухааныг өөрөө юу хийж чадах юм, ямар алдаа гаргадаг юм гэдэг дээр л хоёр дахь судалгаагаа хийж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x