Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улсын Covid-19 халдварын батлагдсан тохиолдол 100,000-ыг давлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Энэтхэг улсад сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдварын 4,970 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тоо нь 101,139 хүрснийг өнөөдөр мэдээлжээ.

Covid-19 өвчнөөр амиа алдсан өвчтөний тоо өнгөрсөн нэг хоногт 134-өөр нэмэгдэж, нийт 3,163 хүрсэн байна.

Ингэснээр тус улс халдварын батлагдсан тоо нь 100,000 давсан дэлхийн 11 дэх орон болжээ. Өнгөрсөн Бямба гарагт Энэтхэг улс энэ үзүүлэлтээр тахал анх дэгдсэн Хятад улсыг гүйцэж түрүүлсэн юм.

Өнөөдрийн байдлаар Хятадад нийт 83,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, өдөрт нэг оронтой тооны тохиолдол нэмэгдэж байгаа. Харин Азийн нөгөө нэг том гүрэн Энэтхэгт сүүлийн долоо хоног гаруй хугацаанд өдөр бүр 4,000 илүү тооны тохиолдол нэмэгдэж байна.

Саяхан Энэтхэг улс хорио цээрийн дэглэмээ тавдугаар сарын 31 хүртэл хоёр долоо хоногоор сунгасан юм.

1.3 тэрбум хүн амтай энэ улсад нийт 100,000 орчим эрчимт эмчилгээний ор, 40,000 амьсгалын аппарат байгаа гэсэн албан ёсны тоо баримт бий.

 

Эх сурвалж: Reuters