Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Сугарбат: Манай улстай хил залгаа Улаан-Үдэд 948, Эрхүүд 601, Тувад 299 тохиолдол бүртгэгдсэн

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

УОК-ын Шуурхай штабаас цаашид хийгдэх нислэгүүдийн талаар мэдээлэл хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат хяналт, шалгалт, иргэдийн урьдчилан сэргийлэх байдал хэр байгаа талаар мэдээлэл өглөө. 

Манай улстай залгаа орших ОХУ-ын зарим хотын өвчлөлийн нөхцөл байдал (тавдугаар сарын 19-ний байдлаар)

  • Байгаль - 550
  • Улаан-Үд - 948
  • Эрхүү - 601
  • Тувад - 299 тохиолдол бүртгэгдсэн.

Тэрбээр "Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирж буй тохиолдол нэмэгдэж, хөрш ОХУ-д өвчлөлийн тохиолдол ийнхүү эрчимтэй нэмэгдэж байгаа үед ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдөөс хамаарах урьдчилан сэргийлэх хамгаалалтаа сулруулж эхэлж байна.

Хяналт шалгалтын ажлаас харвал, 

  • Тавдугаар сарын 16-нд долоон дүүрэгт хяналт шалгалтын ажил явуулахад 3,110 хүн маскаа зүүгээгүй асуудал гарсан. Эдгээр хүнд зөвлөөд, маскаа зүүж хэвших шаардлага тавиад өнгөрсөн. Дараагийн удаа маск зүүгээгүй хүмүүст арга хэмжээ авахаас өөр аргагүй.
  • Мөн 514 ААН, байгууллага ариутгал халдваргүйтгэлээ хийж, 1,189 байгууллага ариутгал халдваргүйтгэл, цэвэрлэгээний ажилд хойрго хандаж байв. Тус байгууллагуудад мөн л тодорхой зөвлөмж өгсөн бөгөөд дараагийн удаа дахин зөрчил гаргавал арга хэмжээ авна.
  • Тавдугаар сарын 17-нд 2,077 объектод маскгүй явж байсан иргэдэд үйлчилж байсан асуудалд анхааруулж, зөвлөмж, шаардлага хүргүүлсэн.
  • Тавдугаар сарын 18-нд архи, согтууруулах ундаа борлуулж, түүгээр үйлчилдэг 197 ААН, байгууллага, цэгүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагын бие бүрэлдэхүүн хүрч ажиллан, холбогдох зөвлөгөөнүүдийг хүргэсэн. Тус чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллага, цэгүүд санаатай болон санаандгүй байдлаар цаг хэтрүүлж ажиллах зөрчил гарч байна.

Үүнээс харвал хүмүүсийн маск зүүхгүй байх, гадуур холхих нь ихсэж, анхаарал суларч байгаа тул өөрөөс хамаарах урьдчилан сэргийлэлтээ сайжруулахыг анхааруулъя. 

"Монгол Улсад хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна"

Дараагийн нэг зүйл нь хаяг, шошго нь тодорхойгүй, хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн, гар дээрээс архи худалдаалах зэрэг зөрчил гарч байгаа тул иргэд худалдан авалт хийхдээ анхаарах хэрэгтэй байна. Тухайлбал, тавдугаар сарын 16-нд Дорнод аймагт зургаан том хүн, нэг хүүхэд тодорхой нөхцөл байдлын улмаас хордлого авсан. Энэ хүмүүс жимс, бусад бүтээгдэхүүнийг угааж цэвэрлээгүй хэрэглэснээс болж хордлогод орсон.

Түүнчлэн тавдугаар сарын 14-нд Алтанбулаг боомтоор 393 иргэнийг татан авах ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газрын 11 байцаагч, 6 ариутгагч, 24 цагийн ээлжээр ажиллаж, холбогдох ажлуудыг хийсэн. Мөн Буянт-Ухаад ирсэн нислэгүүдээр 16 байцаагч, 2 ариутгагч ажилласан.

Өдөрт 25-30 тийр машин орж ирж, нийслэлд бараа бүтээгдэхүүн хүргэдэг. Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур, Борнуур, Баянхошуу боомтоор нийт 791 жолооч, 788 ачааны машин, 257 импортлогчийн 2,178 тонн хүнсний бүтээгдэхүүн, 6,701 хүнсний бус бараа бүтээгдэхүүн нэвтэрсэн.

Үүнээс харвал Монгол Улсад хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна.

ВИДЕО: 

https://www.facebook.com/588990477781350/videos/871133656696868/