Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Улстөрийн дарамт шахалтын дунд санасандаа хүртэл ажиллаж чадахгүй байна

Ж.Нарангэрэл
2013 оны 12 сарын 3
MorninigNews.mn
Дундговь аймгийн Засаг дарга
С.Сүхбаатар

Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Дундговь аймгийн ИТХ-аас таныг огцруулсан шийдвэр гарсан тухай мэдээлэл бий. Гэтэл таны хувьд асуудалд арай өөр байр суурьтай байх шиг байна. Тэгээд ч танай аймгийн тухайд байнга ша­хам албан тушаалын хэ­рүүлтэй байх боллоо. Таныг л гэхэд нэлээд хожуу буюу энэ оны хоёрдугаар сард томилж байсан санагдана?

-Өнгөрсөн оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Дундговь аймагт МАН олонх болсон. Бусад аймагтай харьцуулахад орой­тож буюу хоёрдугаар сард томилогдсон нь үнэн. Түүнээс хойш цөөнх болсон аймгийн АН-ын зү­гээс байнга л Засаг даргыг огц­руул­на, бид ИТХ-д олонх болно гэсэн улстөрийн са­наархал, үйлдлээ тасал­дуулсангүй. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэг­сэлээр гарч байгаа асуудлууд бол шинэ юм биш. Өнгөрсөн хавраас эхлээд яригдсан.

ИТХ-аас аймгийн За­саг дарга С.Сүхбаатарыг огц­руулчихлаа гэж байгаа ч үнэн хэрэгтээ хуралдаан нь ч, үндэслэл нь ч хууль бус болсон шүү дээ.

-Яагаад хууль бус гэж?

-Манай аймгийн ИТХ 35 төлөөлөгчтэй байх учир­­тай. Гэтэл нэг маань нас барсны улмаас нөхөн сонгууль явагдсан юм. Одоо­гоор тэрхүү сонгуулийн үр дүн баталгаажаагүй буюу ИТХ 34 төлөөлөгчтэй байгаа. Хэдийгээр МАН 19 төлөөлөгчтэй байсан ч хоёр төлөөлөгч АН-ын талд үйлчилснээс болоод 17, 17 харьцаатай болж, гацаанд орчихоод байгаа юм.

Үүнээс гарахын тулд бид олонх, цөөнх болон хүн, албан тушаалын асуудал ярьж, зөрчилдөхөө болъё. 17, 17-гоороо хамтарч суу­гаад аймгийн асуудлаа шийдье гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл ард түмнийхээ эрх ашгийн төлөө өнгөрч буй оны мөрийн хөтөлбөр, ирэх оны төсөв зэргээ хэлэлцье гэдгээ илэрхийлсэн ч АН-ын зүгээс “нөхөн сонгуулиар ялалт байгуулсан хүнээ баталгаажуулна” гэж зүтгээд байгаа.

-Тэр хүнийг нь баталгаа­жуул­чи­хаар та нөхөд ялаг­да­на гэдэг үүд­нээсээ зөв­­­­шөөрөхгүй байгаа хэрэг үү?

-Хэрвээ хүн болоод сууд­лын асуудал ярих гэвэл бидэнд ч бас тавих асуудлууд бий. АН-аас нэр дэвшиж, сонгогдсон хүмүүсийн дунд төлөөлөгч байх эрх­гүй хэд хэдэн хүн бий. Тухайлбал, эрүүгийн гэмт хэрэг үйлдээд шүүхээр ял шийтгүүлсэн, ялгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй нэг хүн бий. МАН-аас жагсаалтаар нэр дэвшиж орж ирчихээд, дараа нь намын харъяаллаа сольсон төлөөлөгч байна. Нийслэлд байнга оршин суудаг хүн Дундговьд төлөөлөгч бол­чихсон байх жишээтэй. эд­гээ­рийг хуулийн дагуу шийд­чихвэл АН-аас 4-5 тө­лөө­лөгч хасагдаж манай нам олонхоо хадгалж үлдэх учир­тай юм.

Тэд ингэж хүний асуудал яриад бай­гаа нь бидний аж­лыг урагшлуу­лах­гүйгээр хүнд байдалд оруулах гэсэн санаархлаа л хэрэгжүүлж байгаа юм.

-Тэгээд хурлын ирц юу болж ху­вирав аа?

-Уг нь ИТХ дор хаяж 18 төлөөлөгч оролцож байж хурлаа хийх ёстой. Гэтэл тэд 17-уулаа байж хуралдаад, нөхөн сонгуулиар ялсан гээд байгаа хүнээ оруулж, өөрөөр нь гар өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн гэж үзээд байгаа юм. Ингэхээр хуулийн заалт зөрччихөж байгаа хэрэг. 

-Ингэхэд Дундговь аймагт хууль гээч зүйл ер нь үйлчилдэг юм уу. Таны хэлж байгаагаас сонсоход баахан хууль бус асуудлууд байх юм?

-Яах вэ, өргөн хүрээгээр авч үзвэл бүх шат, салбартаа хууль үйлчлэхгүй байна гэж хэлж болохгүй. Ердөө ИТХ гэдэг байгууллагын тухай л яриад байна. 

Бидний зүгээс буюу МАН-ын төлөөлөгчдийн хувьд хууль зөрчөөгүй. Хэ­дий­­гээр олонх, цөөнхийн асуудал яригдаж байгаа ч ажлаа урагш ахиулахын тулд хичээж байна. Гэтэл сөрөг хүчин маань аливаад хүч түрж шийдэн, болвол хууль бусаар ч хамаагүй эрх мэдлийг гартаа авах гэ­сэн санаархлаасаа болоод аймагтаа улстөржилт, эмх замбараагүй байдал үүсгээд байна. Бид чинь ард түмний итгэлээр гарч ирсэн учраас тэднийхээ өмнө хүлээх хариуцлага гэж бий. Тий­мээс зүгээр л сандал ширээ бу­лаалдаад байгаа бол “яр­шиг, та нар ав даа” гээд бууж өгөх ёстой юм бас биш шүү дээ.

-Яг үүнтэй адилхан асуу­дал өмнө нь болж байсан байх аа? 

-Тийм, оны эхээр болсон. Ир­гэдийн төлөөлөгчдийн дө­рөв­дүгээр хурал­даанаар ми­ний нэрийг Засаг даргад нэр дэвшүүлээд Ерөнхий сайдад өргөн барьсан байсан. Тэгтэл хоёрдугаар сарын 16-нд АН-ын бүлгийн 17 ги­шүүн дангаараа буюу ирцгүйгээр тав­дугаар хуралдаан гэгчийг хийгээд С.Од-Эрдэнийн нэ­рийг Засаг даргад дэвшүүлж, мөн л Ерөнхий сайдад өргөн барьж л байсан. Гэхдээ Засаг даргаар намайг томилсон.

Илт хууль бус хуралдаан зохион байгуулсан учраас аймгийн МАН-ын хороо АН-ын бүлгийг шүүхэд өгсөн. Гурван шатны шүүхээр явж хууль бус гэдэг нь тогтоогдсон. Түүнээс хойш ИТХ одоо хэр нь хэвийн ажиллаж чадахгүй байгаа. Жишээлбэл, өнгөрсөн хурал­даанаар төсвийн тодотголыг хэлэлцэх байлаа. Мөн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг гурван удаа өргөн барьсан ч хэлэлцэн баталж өгсөнгүй. Аймгийн АН-ынхан сон­гуульд ялагдсанаа хү­лээн зөв­шөөрч чадахгүй, янз бү­рийн бохир аргаар эрх мэ­дэлд хүрэх гэсэн увайгүй үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна.

-Өнөөг хүртэл Засаг дарга нь мөрийн хөтөлбөрөө бат­луулаагүй, өв­лийн хүй­тэн болчихсон, ирэх оны төсөв хэлэлцэх цаг нь тул­чихсан гэх зэргээс харвал та нөхдийн сандал, ширээ, албан тушаалын хэрүүлээс бо­лоод дундговьчууд хохирч байгаа юм биш биз?

-Хэдийгээр улстөрийн амаргүй нөх­цөл байдал үүсээд байгаа ч МАН-ын зү­гээс аймгийнхаа ажлыг гүй­цэтгэхийн төлөө бүх хү­чин чармайлтаа дайчилж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Засаг даргын ажлыг хүлээн авснаас хойш хийх ёстой бүх зүйлээ хийсэн. Хийгдэх ёстой бүтээн бай­гуулалтын ажлууд, өвөл­жилтийн бэлтгэл зэргээ хий­чих­сэн. Одоо ирэх жи­лээс эхлүүлэх да­раа­гийн том бүтээн байгуулалтууд хү­лээгдэж байна. Хамгийн гол нь хэч­нээн хийж байгаа ч улстөрийн дарамт шахалтын дунд байгаа болохоор са­насандаа хүртэл ажиллаж чадахгүй юм. Саяхан Ерөнхий сайд манай аймагт очсон. Бидний хийж бүтээж буй ажил байдалтай танилцсан. Ямар ч байсан та нар муу байна, бүтэхгүй нь гэж хэлээгүй. Харин иргэдтэйгээ тулж уулзсангүй гэдэг шүүмжлэлийг бол хэлсэн, түүнийг нь ч бид хүлээж авна. 

-Гэхдээ энэ байдал үр­гэл­­жилвэл он гараад дунд­говьчууд их хүнд байдалд орох нь дээ?

-Тэгэлгүй яах вэ. АН-ынхан үнд­сэндээ төсвөөр барьцаалчихаад байна. Хэрвээ ирэх оны төсвийг баталж өгөх­гүй бол бүх ажил гацна. Он гараад бүх ажил шинэ төсвөөр санхүүжигдэх учиртай. Гэхдээ Засгийн газар манай аймгийн энэ байдлыг анхаарах байх. Амбицтай цөөхөн, увайгүй улстөрч­дийн дураараа авирласан үйлдлээс болж бүхэл бүтэн нэг аймгийн ажлыг сүйрүүлчихгүй байх гэж найдаж байна. 

-Дундговийг бусад аймагтай харь­­цуулахад хөгж­­лийн хувьд хоц­рогд­дог гэж ярьдаг. Харин одоо бол нийс­лэлтэй авто замаар холбогдчихсон бо­лохоор хөгжлийн түвшин арай өөр хараг­даж байгаа байх?

-Манай аймгийн хувьд үйлдвэрлэл тааруухан хөгжсөн. Иргэдийн маань үндсэн орлогыг мал аж ахуй бүр­дүүл­дэг. Өөрөөр хэлбэл, малын гарал­тай бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжсөн. Уул уурхайн томоохон үйлд­вэр байх­гүй. Ингээд харахаар ор­логын эх үүсвэр тун бага шүү дээ.

Гэхдээ бид сүүлийн жилүүдэд зүгээр суусангүй. Нийслэлтэй авто замаар холбогдсон энэ боломжийг оновчтой ашиглах хэрэгтэй болж байна. Цаашаа Өмнө­говь аймагтай холбогдоход ойрхон болсон. Тиймээс байршлаа ашиглан үйл­чил­­гээний салбарыг илүү хөг­жүүлэх нь шаардлагатай гэ­сэн үг. Дамжин өнгөрч буй урсгалыг өөрийн аймагтаа тогтоон, үүгээрээ орлого олж, хөрөнгө босгох замаар ир­­гэ­дийнхээ амьжиргааг дээш­лүүлэхэд анхаарах болно.

Зураг