Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндэсний хэмжээнд гар угаах нөхцөл, хог хаягдал, нүхэн жорлонтой холбоотой зөв дадлыг хэвшүүлэх шаардлагатай байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа оролцож, мэдээлэл өглөө.

Тэрбээр “2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад COVID-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдэхэд НЭМҮТ лавлагаа мэдээллийн 119 дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн.

Тус утас нь коронавируст халдварын талаар иргэдээ шуурхай мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх арга хэмжээг хэрэгжүүлэх зорилготой.

Одоогоор шуурхай утас дээр гурван ээлжээр нийт 30 эрдэм шинжилгээний ажилтан, нийгмийн эрүүл мэндийн эмч мэргэжилтэн 24 цагаар ажиллаж байгаа юм.

Ажиллаж эхлүүлснээс хойш бид нийт 11 мянга орчим дуудлага хүлээн авч, гадаад болон дотоодын иргэддээ зөвлөгөө өгсөн бөгөөд дэлхийн 27 улс, орноос 247 монгол иргэн холбогдсон байна.

Мөн бид тус халдвартай холбоотой цахим орчинд гарч буй эерэг, сөрөг мэдээлэлд тандалт хийж, өдөр бүр ЭМЯ-ны эрсдлийн үнэлгээний багт хүргүүлж буй.

Түүнчлэн НЭМҮТ-ийн судлаачид цаг тутам COVID-19 халдвартай холбоотой олон улсын судалгаатай танилцаж, дүн шинжилгээ хийн ажиллаж байна” гэв.

Үргэлжлүүлэн “Бид улсын хэмжээний эрүүл мэндийн байгууллагуудтайгаа мэдээ, сургалт сурталчилгааны сүлжээ үүсгэж, цахимаар иргэд өөрсдийгөө үнэлсэн байдалд тандалт хийсэн.

Үр дүнд нь, иргэд өдөр тутмын амьдралд нь өөрчлөлт орсон гэж 100 хувь хариулжээ.

Мөн тандалт, судалгаанд оролцсон нийт хүмүүсээс амны хаалтаа тогтмол зүүдэг гэж 73 хувь нь хариулсан бол спиртэнд суурьтай гар ариутгагч 84 хувьд нь тухайн үед байна гэж хариулсан байна.

Үүнээс бид иргэдийг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ойлголттой болсон байна гэж дүгнэж байна.

Үндэсний хэмжээнд гар угаах нөхцөл, ахуйн хог хаягдал, нүхэн жорлонгийн талаар эрүүл ахуйн шаардлага, зөв дадлыг хэвшүүлэх чухал шаардлага байна.

Иймд бид НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр эрүүл ахуйн аяныг үндэсний хэмжээнд тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл зарласан. Иргэдийг бидэндтэй нэгдэж ажиллахыг уриалж байна” гэв.

Видео: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/236409061014702/?v=236409061014702

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.