Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 1,747 хүн байна"

Т.Саран, iKon.mn
2020 оны 5 сарын 17
iKon.MN

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ. 

ШУУД ҮЗЭХ: /2020.05.17/

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/236409061014702/

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн дотор дэлхий нийтэд 95 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас баржээ.

Энэ нь өмнөх өдрөөсөө өвчилсөн хүний тоо 12 мянгаар, нас барсан хүний тоо 1,300-аар буурсан үзүүлэлт юм.

Өчигдөр ОХУ-д өвчлөл 9,200-аар нэмэгдсэн бөгөөд Буриадад 41, Эрхүүд 21, Тувад 31 тохиолдол бүртгэгджээ.

Манай улсын хувьд өчигдөр 108 хүн ажиглалтад нэмэгдсэн бол 26 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Ингээд өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд нийт 1,747 хүн байна.

Тусгаарлан ажиглах байранд чихрийн шижин өвчтэй 26, артерийн даралт ихсэх өвчтэй 86, халдвартай 21 хүн бий. Тэдгээр хүмүүст 22 их эмч, 49 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Түүнчлэн өчигдөр орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд Төмөр замын нэгдсэн эмнэлгийн ажилтнууд нийт 4,000 гаруй хүнд COVID-19 илрүүлэх тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй" гэв.

Мөн тэрбээр "Өчигдөр 119 утсанд өчигдөр нийт 192 дуудлага иржээ. Харин "Шуурхай 199" аппикэйшнээр дамжуулж АНУ, БНСУ, ОХУ-аас манай улсын таван иргэн холбогдож, урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, зөвлөмж авсан.

Мөн иргэдээс хоолны газарт ажиллаж байгаа хүмүүс амны хаалт зүүхгүй байгаа тухай гомдол ирсэн.

Эрүүл мэндийн яамнаас хоолны газарт үйлчилж байгаа хүмүүс бүгд амны хаалт зүүсэн байх шаардлагатай бөгөөд иргэдийг гар ариутгагчийг бүх ширээн дээрээ байрлуулсан байх ёстой гэж зөвлөж байна" гэсэн мэдээлэл өглөө.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.