Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хадан цохионы оройд амьдардаг иргэд шинэ байранд нүүж оржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд Хятадын засгийн газар саяхан хөдөө тосгоны олон мянган иргэнийг орон сууцанд нүүлгэн оруулжээ.

Эдгээр иргэдийн дотор 800 метрийн өндөр хадан цохион дээр байрладаг тосгоны оршин суугчид багтсан тухай өнгөрч буй долоо хоногт дэлхийн гол гол хэвлэлүүд мэдээлсэн байна.

Сичуань мужийн Атулер нэртэй тосгоны иргэд гэртээ харихын тулд хэдэн зуун жилийн настай хулсан шатаар хад руу авирч байгааг харуулсан гэрэл зураг 2016 онд хэвлэлүүдэд нийтлэгдсэнээр хүмүүс уг тосгоныг мэддэг болсон юм.

 

Үүний дараа олон нийтийн уриалгаар орон нутгийн эрх баригчид тосгонд хүргэдэг хулсан шатыг металл шатаар сольж, сүүлд аялал жуулчлалын нэг үзмэр болсон байна.

Атулер тосгонд Хятадын 55 үндэсний цөөнхийн нэг болох Ий угсаатнууд амьдардаг. 

 

Тэгвэл уг тосгоны 84 өрх айл саяхан 70 км зайтай хотод баригдсан шинэ орон сууцны хороололд нүүж орсон тухай CCTV суваг мэдээлжээ. 

Аялал жуулчлалын бизнес эрхэлдэг 30 орчим өрх тосгондоо үлдсэн байна. Ши Жиньпиний засгийн газар ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд 2020 онд нийт 18,000 иргэнийг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Тавилгатай шинэ орон сууцнуудыг үнэ төлбөргүй олгосон бөгөөд өрх бүр 2,500 юанийг ($350) нүүлгэх зардалд төлсөн тухай Хятадын Өдрийн Сонин мэдээлжээ.

Гэхдээ ядуу тосгоны иргэд хотод шилжсэнээр амьжиргааны өртөг нь нэмэгдэж, санхүүгийн хямралд орох эрсдэлтэй тул Хятадын засгийн газар цаашдын хувь заяанд нь анхаарал тавих ёстой гэж хүний эрхийн байгууллагууд үзэж байна.

 

Эх сурвалж: CNN