Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монгол авлигын цар тахлын эсрэг тууштай тэмцэхийг уриалав

ikon.mn
2020 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

УЛААНБААТАР, Монгол улс – 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол)-ын зохион байгуулсан цахим Бизнес уулзалтаар Монгол Улсын авлигын эсрэг тэмцлийн талаар хэлэлцэв. Энэхүү уулзалтанд Азийн Сангийн Суурин төлөөлөгч Марк Коениг, Дефакто Институтийн үүсгэн байгуулагч Д.Жаргалсайхан, Авлигын эсрэг #НэгҮйлдэл аяныг санаачлагч Ч.Батцэцэг нар зочин илтгэгчээр оролцлоо.

Энэхүү цахим уулзалтыг АмЧам Монголын ТУЗ-ийн дарга, Махони Лиотта хуулийн фирмийн захирал Жэй Лиотта хөтлөн явуулсан бөгөөд энэхүү уулзалтанд АмЧамын гишүүн байгууллагуудын төлөөлөл 40 гаруй дотоод болон гадаадын бизнес эрхлэгчид оролцож, Монгол Улс дахь авлигын өнөөгийн нөхцөл байдал, төсөөллийн тухай хэлэлцэж, авлигатай тулгарч байсан хувь хүний түүхүүдээс хуваалцлаа. АмЧам Монголын ТУЗ-ийн дарга Жэй Лиотта тус уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Ковид-19 гэх мэт олон нийтийг хамарсан цар тахлын үед олон нийт эрүүл мэндийн ажилтнуудын тавьж буй зөвлөмжүүдийг дагахгүй байгаа хүмүүст шаардлага тавьж, хариуцлага хүлээлгэдэг. Гэтэл авлига гэх мэт асуудлуудын хувьд төрийн болон хувийн секторууд Ковид-19 цар тахалтай тэмцэхэд гаргаж буй хүчин чармайлттай дүйцэхүйц хүчин чармайлтыг хамтдаа гаргаж чадахгүй байна” хэмээв.    

Уулзалтын үеэр Азийн Сангийн Суурин төлөөлөгч Марк Коениг авлигын талаарх олон нийтийн төсөөллийн талаарх сүүлийн үеийн судалгааны дүнг танилцуулж, судалгааны дүнгээс харахад Азийн Сангаас энэ талаар судалгаа хийсэн сүүлийн 12 жилийн хугацаанд энэ жил авлигыг хамгийн том асуудал хэмээн үзсэн үе болж байгааг онцлон тэмдэглэв. Хэдий тийм боловч нийгэм авлигыг шийдэх шаардлагатай хамгийн том асуудал гэж харж байгаа гэсэн үг биш гэдгийг ноён Коениг тэмдэглэсэн, бөгөөд “олон нийт авлига бол сургуульд хүүхдээ оруулахаас эхлээд бизнесийн гүйлгээ, тендэр хүртэлх амьдралын бүхий л хэсгүүдэд нөлөөлдөг асуудал гэдгийг мэддэг” гэв. Түүнчлэн тэрээр “Төрийн албан тушаалуудыг арилжиж, эрх мэдэл, нөлөөгөө тогтоодог улс төрийн системийн ирээдүйн хор уршгаас үүдэн авлига цэцэглэж, үр дүнд нь улс төрийн тогтворгүй байдал үүсч, засгийн газрын бодлогын залгамж халаа алдагддаг зэрэг олон бэрхшээл дагуулсан урт зам биднийг хүлээж байгаа” гэж хэлэв.

Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хамгийн зөв алхам бол авлигын энэ том асуудлыг эрэмбэлэн, жижиглэж, тодорхой үр дүнд хүрэхүйц бодитой алхмуудад хуваарилж, одоогийн хүчин чармайлтууд болон нөөцүүдийг хэтэрхий тарамдаж байгааг өөрчлөх юм. Хэдийгээр иргэний нийгэм авлигын эсрэг тэмцэлд идэвхитэй оролцож байгаа боловч засгийн газар одоог хүртэл авлигын эсрэг хүчээ нэгтгэж чадаагүй байна. Авлигын гэмт хэргийг мөрдөх, шүүх ажиллагаанд өнөөдрийн түвшингээс илүү өндөр ач холбогдол өгч байж, хүмүүс энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхээсээ өмнө сайтар тунгаан бодоход хүргэнэ.

Марк Коенигийн товч илтгэлийн дараа Д.Жаргалсайхан авлигын эсрэг тэмцэхдээ улс төрийн намуудын санхүүжилтийн асуудлыг хуульчлахгүйгээр ямар аюул үүсэх талаар өөрийн бодлыг хуваалцлаа. Тэрээр хэлэхдээ, “Авлигын үндэс нь улс төрийн намын санхүүжилтээс үүдэлтэй бөгөөд Аудитын тухай хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийн улмаас улс төрийн намын санхүүжилтинд хяналт тавих аудитын үүрэг функцыг үгүй хийснээр улс төрийн намын санхүүжилтийг эрхзүйн зохицуулалтгүй болгосон” гэв. Түүнчлэн тэрээр Дефакто Институт нь намын гишүүдтэй ярилцаж, тэднийг намынхаа санхүүжилтийн эх үүсвэрт хяналт тавихыг уриалсан гэдгийг онцлов. Тэрээр энэ ажлаа үргэлжлүүлэн хийх бөгөөд энэ жил Монгол Улс түүхэндээ хамгийн үнэтэй сонгууль хийж, нэр дэвшигч бүр сонгуулийн сурталчилгаандаа аль их хөрөнгө зарцуулж байгааг мэдэх боломжгүй. Сонгуулийн сурталчилгаандаа тэрбум тэрбумаар нь зарцуулсан шинэ УИХ-ын гишүүд ирээдүйд авлигын гэмт хэрэгт холбогдох магадлал илүү их байгаа нь авлигын эсрэг тэмцэлд маш аюултай нөхцөл байдлыг бий болгож байна гэж хэлэв.

Авлигын эсрэг #НэгҮйлдэл аяныг санаачлагч Ч.Батцэцэг өөрөө яагаад шударга, ёс зүйтэй байхын тулд иргэний хөдөлгөөн эхлүүлж, бусдыг үргэлж зөв зүйл хийхийг уриалах болсон тухай түүхээ хуваалцав. Хэдэн жилийн өмнө Батцэцэгт авлига өгөхийг шаардсан нэг бизнесийн санал ирсэн нь түүний дургүйцлийг маш их төрүүлж, энэхүү ёсзүйгүй соёлоос татгалзаж, нэр хүнд, ёс суртахуунтай, идэвхитэй эсэргүүцлийн хөдөлгөөнийг эхлүүлэхэд хүргэсэн гэв.    

Товч мэдээллийн дараа зочин илтгэгчид цахим уулзалтанд оролцож буй бизнесийн төлөөллүүдийн сонирхсон асуултуудад хариулав.

Уулзалтын төгсгөлд АмЧам Монгол болон зочин илтгэгчид олон нийтийг нэгдэн нийлж, Ковид-19 цар тахлыг эсрэг улс орноороо хэрхэн нэгдэн тэмцсэн шиг энэхүү авлигын цар тахлын эсрэг тэмцэж, авлигын цар тахлыг хамтдаа эмчилж чадна хэмээн уриалав.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх,
бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах
чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд
тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь
Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон
далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.