Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилд коронавирусийн халдварын тохиолдол 200,000-ыг давж, Хятадад нэг сарын хугацаанд ганц ч хүн нас барсангүй

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Бразил улсад коронавирусийн халдварын 13,944 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт халдварын батлагдсан тоо нь 202,918 болжээ.

Ингэснээр тус улс илэрсэн халдварын тоогоор дэлхийд АНУ, ОХУ, Их Британи, Испани, Италийн дараа зургаадугаарт жагсаж байна. 

Сүүлийн 24 цагийн дотор Бразилд 844 өвчтөн нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 13,993 болжээ. Нас барсан хүний тоо нь мөн дэлхийн улс орнуудаас зургаадугаарт орох муу үзүүлэлт юм.

Өнөөдөр Хятад улс коронавирусийн халдвараар хүн нас барсан тохиолдол зарлаагүй яг нэг сар болсноо тэмдэглэж байна. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тус улсад Covid-19 өвчний улмаас хүн нас барсан тохиолдол бүртгэгдэж байжээ.

Сүүлийн нэг хоногт Хятад даяар халдварын дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдсэнийг өнөөдөр тус улсын эрүүл мэндийн үндэсний хороо мэдээлсэн байна. Тэдгээр нь бүгд саяхан зүүн хойд Жилинь мужид дэгдсэн халдварын голомтод илэрчээ.

Нийтдээ энэ улсад батлагдсан халдварын тоо 82,933, нас барсан өвчтөний тоо 4,633 хүрээд байна. Одоогийн байдлаар 91 өвчтөн эмнэлэгт эмчлүүлж, халдвар тээгч байж болзошгүй 623 хүн тусгаарлагдаад байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар батлагдсан халдварын тохиолдол 4,442,535, нас барсан өвчтөний тоо 302,412 хүрээд байна.

АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулиас гаргасан тоо баримтаар хамгийн олон халдварын тохиолдолтой 10 орны жагсаалт:

  Улс Халдварын тохиолдол Эндэгдэл Харьцаа
1 АНУ  1,417,774   85,898  6%
2 ОХУ  252,245   2,305  1%
3 Их Британи  234,440   33,693  14%
4 Испани  229,540   27,321  12%
5 Итали  223,096   31,368  14%
6 Бразил  202,918   13,993  7%
7 Франц  178,994   27,428  15%
8 Герман  174,478   7,884  5%
9 Турк  144,749   4,007  3%
10 Иран  114,533   6,854  6%

Эх сурвалж: AFP, Associated Press