Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Амартүвшин: Хөгжлийн банк улс төрөөс хараат бус ажиллах ёстой

ikon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хөгжлийн банкны захирал асан Ганибалын Амартүвшинтэй Хөгжлийн банкны чиг үүрэг, урт хугацааны хөгжлийн бодлогын талаар ярилцлаа.

Энгийн иргэд Хөгжлийн банкны чиг үүргийн талаар төдийлөн сайн мэддэггүй. Тэгэхээр яриагаа эндээс эхлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Хөгжлийн банк гэсэн институцийн шаардлага юу юм бэ?

Хөгжлийн банк бол бодлогын банк юм. Манайх шиг хөгжиж буй улс орнууд томоохон үйлдвэр, дэд бүтэц гэх мэт урт хугацааны, стратегийн ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлэх хэрэгцээ өндөр байдаг ч боломж нь хомс байдаг. Учир нь арилжааны банкнуудын зээлийн хугацаа богино, хүү нь өндөр. Мөн барьцаа шаарддаг. Гэтэл босоогүй төсөлд барьцаа хөрөнгө байдаггүй. 

Жишээ нь манай улсын хувьд гэхэд уул уурхайн баялаг нөөцтэй. Гэхдээ томоохон ордуудыг ашиглахад их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг болохоор гадаадын томоохон компаниуд орж ирж ажилладаг. Тэгвэл Хөгжлийн банк шиг институц бий болсноор дотоодын компаниуд уул уурхайн томоохон ордуудыг ашиглах, орж ирэх мөнгөний эргэлтийг Монголдоо хадгалах боломжтой болж байна. 

Уул уурхайгаас гадна ноос ноолуур бол манай улсын нүүр царай болсон стратегийн ач холбогдолтой салбар. Бизнесийн онцлогоосоо шалтгаалаад ноолуурын үйлдвэрүүд түүхий эд худалдаж авахдаа урд хөршийн ченжүүдтэй өрсөлдөх шаардлага тулгардаг. Энэ үед мөн л Хөгжлийн банк үндэсний компаниудаа санхүүжүүлдэг. 

-Тэгвэл өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк улс орныг хөгжилд хөтлөх энэ үүргээ хэр сайн гүйцэтгэсэн бэ? 

Намайг өнгөрсөн оны таван сард ажлаа авч байх үед Хөгжлийн банкны нийт зээлийн багцийн 65 хувь нь маш муу барьцаа хөрөнгөтэй эсвэл огт барьцаагүй байсан. Энэ бол эрсдэлийн удирдлагын нүдээр харвал том алдаа. Магадгүй өмнө нь Хөгжлийн банкны үйл ажиллагаанд улс төрийн нөлөө байсан болов уу. Зарим зээлүүдийн эрсдэлийн үнэлгээг харахад арилжааны банкны стандартад хүрэхгүй байсан. Үүнээс би Хөгжлийн банк дээрх үүргээ тийм ч сайн гүйцэтгэж чадаагүй юм уу даа гэж бодсон.

Гэхдээ энэ алдааг бид засаж, оны эцэс гэхэд нийт зээлийн багцын 85 хувийнх нь барьцаа хөрөнгийг сайжруулж чадсан. Мөн барьцаа хөрөнгийн журам, зээлийн үйл ажиллагааны журамд зэрэг нийт 14 журам зааврыг шинэчилсэн. Үр дүнд нь аливаа зээл Монгол улсын хөгжлийн бодлогод нийцэж байгаа эсэх, хугацаандаа төлөгдөх эсэхийг шинжилж байж л олгогддог болсон. 

-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдох үедээ таны өмнө тавьж байсан гол зорилго юу байсан бэ? 

Засгийн газраас надад хэд хэдэн чиглэл өгсөн. Нэгдүгээрт, энэ банкны удирдлагыг ирээдүйд хэрхэн өөрчлөх ёстой вэ гэдгийг судал. Гадаадын багаар удирдуулах уу, эсвэл дотоодын баг удирдах уу. Хоёрдугаарт, мэргэжлийн банкирын нүдээр энэ банкийг хараад өөрчлөх шаардлагатай зүйлсийг нь өөрчил. Гуравдугаарт, улс төрийн нөлөөнд орохгүй ажиллаарай гэсэн. Миний хувьд улс төрийн зорилгогүй, түүнээс хол хүн байсан болохоор итгэл үнэмшил төрүүлсэн болов уу. 

-Удирдлагын тогтолцоог ирээдүйд хэрхэн өөрчлөх тухайд та ямар гаргалгаа олсон бэ?

Энэ бол хоёр талтай асуудал. Мэдээж хэрэг гадаад удирдлагын баг ирснээр улс төрөөс бүрэн хараат бус ажиллаж чадна. Гэхдээ нөгөө талдаа манай улсын нөхцөл байдлыг бүрэн дүүрэн ойлгож, амжилттай ажиллана гэдэг эргэлзээтэй. Миний бодлоор гүйцэтгэх захирал нь Монгол банкир харин эрсдэлийн удирдлага зэрэг гол салбар нэгжүүдийг гадаад банкир удирддаг хосолмол тогтолцоо илүү үр дүнтэй.

-Хөгжлийн банкийг удирдсан хагас жилийн хугацаанд гаргасан гол амжилт гэвэл та юуг нэрлэх вэ? 

Хөгжлийн банк улс төрөөс хараат бус шийдвэр гаргадаг байх ёстой. Энэ бол хамгийн чухал. Үүний тулд дээр дурдсан журам зааврыг баталж, аливаа шийдвэр тэдгээр журам зааврын дагуу гардаг болсон. Хоёрдугаарт, Санхүүгийн тогтвортой байдлаа хадгалахын тулд зээлийн багцийг сайжруулах шаардлагатай байсан. Ийм учраас муу зээлийн араас хөөцөлдөх үүрэгтэй багийг бий болгож, хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн. Үр дүнд нь 22 аж ахуйн нэгжийн нийт 704 тэрбумын зээлд нэхэмжлэх гарган хууль шүүхийн байгууллагад шилжүүлж, үүнээс 11.6 тэрбум төгрөг эргэн төлүүлэх шатанд оруулж, 3.8 тэрбум төгрөгийг эргэн төлүүлж чадсан. Гуравдугаарт, хөгжлийн банк нь бодлогын банк учраас ирээдүйг харж байх ёстой. Үүний тулд барьцаа хөрөнгийн бодлогоо сайжруулж, муу зээлээс ирж болох болзошгүй алдагдлаа нөхөх зорилготой эрсдэлийн санг зургаан сарын дотор 110 тэрбумаар нэмэгдүүлсэн. 

-Таныг удирдаж байх үед Хөгжлийн банк улстөрөөс хараат бус байж чадсан уу?

Би үүний төлөө л ажилласан. Тийм учраас чадсан гэж итгэлтэй хариулна. Мэдээж янз бүрийн нөлөөлөх оролдлого ирж байсан. Тэр бүрийг заавар журмын дагуу судалж үзээд зохих хариуг нь өгч байсан. Мөн өнгөрсөн зургаан сард амжуулсан нэг чухал өөрчлөлт нь Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлэх зээлийн доод хэмжээг 20 тэрбум төгрөг болгосон. Ноос ноолуурын компаниуд зэрэг 20 тэрбум төгрөгөөс доогуур санхүүжилт шаарддаг стратегийн чухал салбаруудыг арилжааны банкнуудаар дамжуулан хөтөлбөр байдлаар санхүүжүүлэх болсон. Ингэснээр улстөрөөс нөлөөлөх оролдлого харьцангуй буурсан гэж боддог.

-Та Хөгжлийн банкийг удаан удирдаагүй. Таны хийж амжаагүй, цаашид хийгдэх ёстой гэж боддог ямар чухал ажил байна вэ? 

Зээлийн чанарыг сайжруулах ажилд үргэлжлүүлэн анхаарч ажиллаасай гэж бодож байна. Өөрөөр хэлбэл муу зээлүүдийнхээ араас хөөцөлдөж, шаардлагатай бол барьцаа хөрөнгөөр төлүүлэх, эсвэл зээлдэгчтэйгээ эргэн төлөлтийн графикаа шинэчлэх гэх мэтээр эргэн төлөлтийг сайжруулах ёстой. Удаад нь, эх үүсвэрийн бүтцэд анхаарах ёстой. Хөгжлийн банк олон улсын зах зээлд гаргасан бондоос буюу доллароор санхүүжилтээ босгодог. Харин эргээд дотооддоо төгрөгөөр зээл олгодог. Үүнээс болоод 2016-2018 оны хооронд ханшны зөрүүнээс нийт 250 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байсан. Энэ алдагдлыг 2019 онд бид тэглэж чадсан. Тэгэхээр цаашид санхүүжилтээ зөв зохион байгуулж, ханшны эрсдэлээс сэргийлэх ёстой. Эцэст нь уул уурхай, дэд бүтэц, ноос ноолуур гээд манайд байгаа хэдхэн гол салбараа үргэлжлүүлэн дэмжиж ажиллах хэрэгтэй. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.