Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Африк тивийн Бурунди улсын эрх баригчид ДЭМБ-ын төлөөлөгчдийг нутаг дэвсгэрээсээ хөөжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Африк тивийн өмнөд хэсэгт оршдог Бурунди улсын засгийн газар коронавирусийн цар тахалтай тэмцэхэд нь дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байсан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын төлөөлөгчдийг нутаг дэвсгэрээсээ албадан гаргах шийдвэр гаргажээ.

Тус улсын гадаад хэргийн яамны албан бичигт ДЭМБ-ын төлөөлөгч болон түүний гурван хамтрагчийг “persona non grata” болгон зарлаж, Баасан гарагт багтан Бурунди улсын хилээр гарахыг шаардсан байна.

 “Бид Бурунди улсын засгийн газартай холбоо барьж, яагаад ийм шийдвэр гаргах болсныг тодруулж байна. Үүний хажуугаар өөрийн мэргэжилтнүүдийг тус улсаас гаргах ажлыг зохион байгуулж байна” гэж ДЭМБ-ын Африкийн салбарын захирал, доктор Мачидисо Моэти өчигдөр хэвлэлд мэдэгджээ.

Бурунди улс тавдугаар сарын 20-ны өдөр ерөнхийлөгчийн, парламентын болон орон нутгийн сонгуулиудын санал хураалтыг зэрэг зохион байгуулахаар бэлдэж байгаа юм.

Орон даяар олон мянган хүнийг хамарсан сонгуулийн үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Коронавирусийн тархалтыг хязгаарлахын тулд хорио цээрийн дэглэм тогтоох, олон хүн нэг дор цуглуулахгүй байх зөвлөмжүүдийг ДЭМБ-аас өгсөн нь тус байгууллагын төлөөлөгчдийг албадан гаргахад нөлөөлсөн байж болзошгүй гэнэ.

Өмнө нь Бурунди улсын эрүүл мэндийн яам ДЭМБ-ын төлөөлөгчдийг бодлогод нь нөлөөлөхийг оролдож байна хэмээн шүүмжилж байжээ.

Өнөөдрийн байдлаар энэ улсад Covid-19 халдварын 27 тохиолдол бүртгэгдэж, нэг өвчтөн нас бараад байгаа.

Гэхдээ оношлогоо шинжилгээ хангалтгүй байгаа тул бодит тоо үүнээс хавьгүй илүү байх магадлалтай. Бурундигийн эмнэлгүүдэд халдварын шинж тэмдэгтэй өвчтөнүүд олноор ирж, зарим нь нас барж байгаа ч оношилж чадахгүй байгаа юм.

Коронавирусийн шинжилгээг тус улсын Нийтийн Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэнд зөвхөн гүйцэтгэж байгаа. Гэтэл тус хүрээлэнгийн оношлох ажлыг гүйцэтгэж байсан зургаан ажилтан өөрсдөө халдвар авсны дараа үйл ажиллагаа нь бараг зогссон тухай эх сурвалж мэдээлжээ.

Харин Бурундигийн эрх баригчид тус улсад халдварын тохиолдол цөөн байгаа нь бурхны ивээл хэмээн тайлбарлаж, иргэдээ тайтгаруулж байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч генерал Эваристе Ндайшиме саяхан ард түмэнд хандаж үг хэлэхдээ “Айх хэрэггүй! Бурхан Бурундид хайртай. Хэрвээ халдвар тарвал бурхан бидэнд хайр ивээлээ харуулах болно” гэж байжээ.

 

Эх сурвалж: AFP