Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэдийн ачаа, тээш, автомашин, онгоцонд эцсийн халдваргүйтгэл хийж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах оролцож мэдээлэл өглөө.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/177028183583339/

"Нийт 7,500 гаруй ачаа, 277.5 тонн карго, 96 агаарын хөлөг, 250 гаруй тээврийн хэрэгсэл, 34 тусгаарлах байранд эцсийн халдваргүйтгэл хийсэн"

Тэрбээр “Бид COVID-19 халдварын тархалт маш өндөр байгаа бүс нутгаас ирж буй иргэдийн ачаа, тээш, автомашин, онгоцонд эцсийн халдваргүйтгэл хийж байгаа.

Энэ нь ачаа, тээш бусад хэрэгслээр дамжин уг халдвар олон нийтийн дунд дэгдэхээс сэргийлэх зорилготой юм.

Өнгөрсөн хугацаанд манай шуурхай хариу арга хэмжээний баг нийт 172 удаагийн дуудлагад үйлчилж, иргэдийн 7,500 гаруй ачаа, 277.5 тонн карго, 96 агаарын хөлөг, 250 гаруй тээврийн хэрэгсэл, 34 тусгаарлалтын байранд эцсийн халдваргүйтгэлийг хийжээ.

Тавдугаар сарын 1-нээс хойш л гэхэд найман тусгай үүргийн онгоц, 20 ачаа тээврийн онгоц, 67 тээврийн хэрэгсэл, хоёр галт тэрэг, долоон тусгаарлах байранд эцсийн халдваргүйтгэл хийсэн байна.

Мөн манай лавлагаа лаборатори Хабу, Наранбулаг, Кентавр, Жаргалант зэрэг тусгаарлах байранд байсан 233 хүнээс 431 сорьц авахад коронавирус илрээгүй.

Өчигдөр Цэргийн төв эмнэлэг, Гүнт, Дрийм, Ивээл, Наранбулаг зэрэг газруудад тусгаарлагдсан 260 хүнээс 261 сорьцыг авч, шинжилгээнд хамруулсан байна.

Мөн бид Эрүүл мэндийн ажилтнуудыг эрсдлээс хамгаалах чиглэлээр халдвар хамгааллын сургалтууд хийж байна.

Түүнчлэн хүмүүсийг тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн жолооч нарыг халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах талаар сургалтад хамруулсан.

СOVID-19 халдварын үед нас баралт бүртгэгдвэл цогцсыг хэрхэн чандарлах, хадгалах талаар буяны компанийн ажилчдад сургалт зохион байгуулж, бүх заавар зөвлөмжийг эмхэтгэн гарын авлага болгосон" гэв.

"Иргэдийн хувцас, кабиныг халдваргүйтгэх олон улсад мөрдөгдөж буй заавар зөвлөмжийг гарган хэрэгжүүлэхээр ажиллаж байна"

Үргэлжлүүлэн "ЗӨСҮТ-ийнхэн тавдугаар сарын 6,7,8-нд зохион байгуулагдсан COVID-19 халдварын үеийн харилцан ажиллагааны дадлага сургуулийн үеэр нэгдсэн эмнэлгүүдэд халдвар, хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажилласан.

Дээрх сургуулийн дараа Эрүүл мэндийн сайд халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй хүмүүсийг халдвар авахаас болон нийтийн дунд халдвар тархахаас сэргийлэх чиглэлээр олон улсад мөрдөгдөж буй тэргүүн туршлагад судалгаа хийх үүрэг өгсөн.

Тиймээс бид эрүүл мэндийн байгууллага болон томоохон үйлчилгээний төвийн гадна талд иргэдийн хувцсыг халдваргүйтгэх, кабиныг халдваргүйтгэх олон улсад мөрдөгдөж буй заавар зөвлөмжийг гарган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Манай улсад хүн ам, нийтийн дунд халдвар тархах эрсдэл өдөр ирэх тусам өндөр болж байна. Тиймээс бид урьд, урьдаас илүү сонор сэрэмжтэй байж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэх шаардлага тулгарч буй.

Цаг үеийн нөхцөл байдал иргэдийг мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг сайтар дагаж мөрдөх ёстойг харуулсаар байгаа.

Гэвч иргэд амны хаалтыг зохисгүйгээр буюу олон хоногоор хэрэглэх, зөвхөн амаа хаах, хэрэглэсэн амны хаалтаа хаа, хамаагүй газарт хаях зэргээр хэрэглэж байгаа нь харамсалтай.

Тиймээс иргэдийг амны хаалтаа зохистой хэрэглэх тал дээр анхаарах хэрэгтэйг сануулж байна" гэдгийг нэмж хэлэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.