Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: 10 ба түүнээс дээш жил амьдарсан хосуудын салалт яагаад өндөр байдаг вэ?

Т.Саран, iKon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр. 

Тухайн улс үндэстний хувьд хамгийн чухал нэгж бол гэр бүл. Гэвч Монголд гэр бүл салалт нэмэгдсээр байна. Гэр бүлээ цуцлуулах явдал сүүлийн 10 жилд гэхэд 2 дахин нэмэгдсэн байгаа юм.

Мөн нийт салалтад 10 ба түүнээс дээш жил амьдарсан хосуудын салалт 60 гаруй хувийг эзэлж байна. Тиймээс ч Монгол ТВ-ийн "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаараар Гэр бүл салалт нэмэгдэж байгаа нь ямар шалтгаантай талаар мэргэжилтнүүдтэй ярилцлаа.

Видео: Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх:

https://www.facebook.com/mongoltv/videos/2867458510035779/?t=4

Зочдын хэлсэн онцлох эшлэлүүд:

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн боловсролын түвшин гэр бүлийн харилцаа цаашлаад салалтад ихээхэн нөлөөлдөг
 

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ГАЗРЫН ДАРГА Н. ӨЛЗИЙХУТАГ

-Гэр бүл салалтын шалгаан олон. Гэхдээ голлох шалтгаан архитай холбоотой байгаа нь судалгаагаар харагдаж байна. Мөн гэр бүлээс гадуурх харилцаа, бусдын нөлөөнд автах зэргээс үүдэж гэр бүлүүд салж байна.

-Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуульд гэр бүлийн боловсрол олгох хичээлийг албан ёсоор оруулах ёстой. Энэ талаар бодлого боловсруулаад БСШУСЯ-д хүсэлтийг хүргүүлээд байгаа.

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн боловсролын түвшин гэр бүлийн харилцаа цаашлаад салалтад ихээхэн нөлөөлдөг.

-Манай улсад эвлэрүүлэн зуучлах үйлчилгээний чанар хангалтгүй байна. Шүүхээс эвлэрэх хугацаа өгдөг ч тухайн үед нь хосуудыг эвлэрүүлэх тал дээр ямар нэгэн арга хэмжээ авдаггүй.

Эрт гэрлэсэн хосуудын дунд салалт төдий чинээ өндөр байдаг гэсэн судалгаа байдаг
 

МУБИС-ИЙН БАГШ, ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР С.ТҮМЭНДЭЛГЭР 

-Хосууд гэр бүл дэх өөр өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж чадвал гэр бүл салах асуудал тулгарах нь бага байна.

-Гэр бүл салалтад нийгмийн орчин, улс орны эдийн засгийн хямрал зэрэг нь маш их нөлөөтэй. 90 оны эхэн үед гэр бүл салалт өмнөх онуудаасаа эрс нэмэгдсэн байдаг. Энэ нь салалтыг чөлөөтэй болгосон явдлаас үүдэлтэй.

-Гэрлэлтийг дэмжсэн халамжийн тогтолцоо буюу 500 мянган төгрөгийн тэтгэмжийг авах гэж хүмүүс хуурамчаар гэр бүл болсон нь эргээд салалтын тоог нэмэх шалтгаан болсон байдаг.

-Сүүлийн жилүүдэд гэрлэлтийн дундаж наслалт эрэгтэй, эмэгтэй хүмүүст хоёуланд нь хойшилж байгаа. Мөн эмэгтэйчүүдийн анхны төрөлтийн нас хойшилж байгаа нь нийгэм цаг үетэй холбоотой.

-Социологчдийн хийсэн судалгаагаар эрт гэрлэсэн хосуудын дунд салалт төдий чинээ өндөр байдаг гэсэн судалгаа байдаг.

-Гэр бүлийн боловсрол багатай, төлөвлөлтгүй гэр бүл болж байгаа нь салалтад нөлөөлөх талтай.

-Гэр бүл салалтыг шийдвэрлэхээс өмнө олгодог эвлэрүүлэх 3 сарын хугацаа өгдөг нь богинохон хугацаа юм. Салалт гэдэг удаан хугацааны дараа гаргасан шийдвэр байдаг гэтэл 3 сарын хугацаанд эргээд эвлэрнэ гэдэг хэцүү учир салатаар төгсөж байж магадгүй.

Хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй байгаа хүмүүсийн 60-70 хувь нь 30-40 насныхан, 10-20 хувь нь 20-30 насны хүмүүс байна
 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН АХЛАХ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ, ХОШУУЧ Б.БАТМӨНХ 

-2020 оны нэг сард хүүхдийн тэтгэмжийн мөнгийг 3 сараас дээш төлөөгүй явдалд гадаадад зорчих эрхийг түтгэлзүүлэх хуулийн өөрчлөлт орсон.

-Зөрчлийн хуульд хүүхдийн тэтгэмжийн мөнгийг 3 сараас дээш төлөөгүй явдалд 100 нэгж буюу 100 мянган төгрөгийн торгууль ноогдуулдаг байсан бол 7-30 хоногийн баривчилгаа нэмэгдсэн байгаа.

-Шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэмж тогтоолгосон хүмүүсийн төлөлт 50 гаруй хувьтай байна.

-Хүүхдийн тэтгэмж төлдөг хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байдаг. Өнөөдрийн байдлаар ШШГЕГ-т ирсэн 5,000 гаруй  тэтгэмж тогтоолгох шийтгэврийн 10 хүрэхгүй хувь нь эхчүүд байна.

-Хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй байгаа хүмүүсийн 60-70 хувь нь 30-40 насныхан, 10-20 хувь нь 20-30 насны хүмүүс байна.

-Сүүлийн үед хүүхдийн тэтгэмж төлж байгаа хүмүүсийн нас залуужиж байгаа нь практикаас харагдаж байна. Энэ нь гэр бүл төлөвлөлттэй холбоотой гэж харж байна.

Хосуудын харилцаанд маргалдах асуудал удаа дараа үүсэн л бол цаг алдалгүй сэтгэл зүйч дээр очиж зөвлөгөө авах хэрэгтэй
 

СЭТГЭЛ СУДЛААЧ Т.ХОНГОРЗУЛ

-Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас гадна эхнэр нөхрүүд бие биенээ ойлгож, хайрлаж, хүндлэхээ хэзээ ч зогсоож болохгүй.

-Гэр бүл салахад хамгийн их нөлөөлдөг зүйл бол хоорондын харилцааны асуудал. Хосууд амьдралд гарч ирж байгаа асуудлыг шийдэж чадахгүй байх, нэг нэгэндээ ойр байгаа мэдрэмж авч чадахгүй үед гэр бүлээс гадуур харилцаанд орох, архи уух зэрэг сөрөг үр дагаварууд гарч ирдэг.

-Хосууд бие биедээ нээлттэй байж чадахгүй байгаа нь сэтгэлзүйтэй хамааралтай байдаг. Жишээ нь хүүхэд байхдаа аав, ээжтэйгээ ойр дотно харилцаж чаддаггүй байсан хүн гэр бүлийнхээ хүнтэй мөн ойр дотно байж чадахгүй байгаагаа би /эхнэр, нөхөртөө/ сэтгэлгүй болчихлоо гэж үзэн гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргах тохиолдол байдаг.

-35 наснаас эхлээд хүмүүс сэтгэлзүйн өөрчлөлтүүдэд ордог. Үүнээс болж стресстэж түүнийгээ зөв тайлаагүйгээс болж амьдралд гарсан асуудлыг хань ижилдээ тохох нь том асуудал болдог.

-Хосууд гэр бүлээ цуцлах шийдвэр гаргасан хойноо сэтгэл зүйчид хандаж байна. Угтаа асуудал хүндрэхээс өмнө сэтгэл зүйчид хандвал эерэгээр шийдэх гарц олдоно.

-Хосууд хэт удаан цагаар хамт байхаар зөрчил маргаан нэмэгдэх нь ихэсдэг. Иймд нэг нэгэндээ хувийн орон зайг олгох нь чухал юм.

-Хосуудын харилцаанд маргалдах асуудал удаа дараа үүсэн л бол цаг алдалгүй сэтгэл зүйч дээр очиж зөвлөгөө авах хэрэгтэй. Манайхан эсрэгээрээ муудалцаж, маргалдсаны дараа архи уудаг, эсвэл хувцсаа аваад аав, ээж рүүгээ явдаг. Энэ нь асуудлыг шийдэх гарц биш юм.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.