Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

С.Диордица: Засгийн газар хүсэлт гаргавал сонгуулийн үеэр аюулгүй байдлыг хангахад бүхий л талаар дэмжинэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч С.Диордица УИХ-ын даргын хүсэлтээр Монгол Улсын иргэдэд хандаж мэдээлэл хийлээ.

Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултуудад хариулав.

- Зарим эх сурвалж дэлхий дахинд коронавируст халдварыг хяналтдаа авахад 4-5 жилийг зарцуулна гэх мэдээлэл гаргаж байна. ДЭМБ-ын зүгээс ямар хугацаа шаардлагатай гэж тооцоолж байгаа вэ?

- Би хувьдаа таны хэлсэн хугацаанаас өмнө өвчний тархалтыг хяналтдаа авч чадах болов уу гэж дүгнэж байна. Хэдийгээр вакцин гараагүй байгаа ч Номхон далайн баруун бүсийн орнууд БНХАУ, БНСУ өвчний халдварыг хяналтдаа авчихсан. Мөн Монгол Улс халдварыг гадагш алдахгүй ажиллаж чадаж байна. Энэ нь хязгаарлалтын арга хэмжээг цаг тухайд нь дорвитой авсны үр дүн. Үүний хажуугаар илрүүлэх, хавьтлыг тандах, тусгаарлах арга хэмжээнүүдийг авснаар цар тахлыг харьцангуй хяналтад авч байна. Дахин халдвар гарсан тохиолдолд өмнө нь авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээ аваад өргөн хүрээгээр тархаахгүй байх боломжтой.

- Вакцин хэзээ гарах талаар олон эх сурвалжийн янз бүрийн мэдээллүүд гарсаар байгаа. Танай байгууллагын хувьд ямар хугацаа шаардлагатай гэж харж байна вэ?

- Вакцин үйлдвэрлэгчид сайшаалтай мэдээллүүд гаргаж байгаа. Зарим үйлдвэрлэгч 12 сарын дараа гэхэд вакцинтай болох боломжтой гэж мэдэгдсэн бол зарим нь 18 сар хэмээсэн. Мэдээж вакцин бидний хамгийн их хүсэн хүлээж байгаа зүйл.

- Монгол Улс зургаадугаар сард сонгуулиа явуулахаар бэлтгэж байна. ДЭМБ-ын зүгээс сонгууль зохион байгуулж байгаа улс орнуудад ямар зөвлөгөө өгч байгаа вэ. Юун дээр анхаарах шаардлагатай вэ?

- ДЭМБ-ын хувьд ямар ч нөхцөлд олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой ажилладаг. Монгол Улсын Засгийн газар хүсэлт гаргасан тохиолдолд олон нийтийг хамарсан арга хэмжээ буюу сонгуулийн үеэр аюулгүй байдлыг хангахад бүхий л талаар дэмжинэ.