Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдрөөс эхлэн Москва хотын оршин суугчдаас өдөрт 70 мянган хүнийг COVID-19-ийн шинжилгээнд хамруулна"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

COVID-19-ийн тархалт олон улсад ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өгөв. 

Тавдугаар сарын 14-ний өдрийн мэдээллээр COVID-19-ийн нийт тохиолдлын тоогоор АНУ, ОХУ, Испани, Их Британи, Итали, Бразил зэрэг улс дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. 

ОХУ

ОХУ-д COVID-19-ийн тохиолдол сүүлийн 12 хоногийн турш өдөрт 10 мянга гаруйгаар нэмэгдэж байна. Өчигдөр 9,900 гаруйгаар өсжээ. Тус улсад батлагдсан 252 мянга гаруй тохиолдол байна. 

Одоогоор батлагдсан халдварын тохиолдлын талаас илүү хувь нь нийслэл хотод бүртгэгдэж байгаа тул Москва хотын захирагч энэ сарын 15-ны өдрөөс эхлэн өдөрт 70 мянга орчим, цаашдаа сарын эцэс гэхэд өдөрт 100 мянга орчим хүнийг шинжилгээнд хамруулахаар зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Бразил

Пүрэв гарагт Бразилд 13,944 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тоо 203 мянга шахам боллоо. Харин эндсэн хүний тоо 14 мянгад хүрэв.

Бразил улс халдварын тохиолдлын тоогоороо дэлхийн хэмжээнд зургаадугаарт бичигдэж байгаа бол тивдээ нэгдүгээрт байна.

БНСУ

БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс шөнийн клубүүдийн голомтот халдвараас эх уурхайтай тохиолдлын тоо Пүрэв гарагийн байдлаар дахин 27-оор нэмэгдэж, 133 болсныг мэдээлсэн. Тус улсын нийт тохиолдол 11 мянга гаруй, нас баралт 260 байна.

БНХАУ

БНХАУ-ын хэд хэдэн аймаг болон засаг захиргааны онцгой бүс болох Хонг Конгод халдварын тархалт сэргэж байна. Үүнтэй холбогдуулан ард иргэдээ шинжилгээнд хамруулах ажлыг эрчимжүүлэх замаар халдварын эх уурхайг илрүүлэх шаардлагатай байгааг тус улсын Эрүүл мэндийн хорооноос мэдэгдлээ.

  • Хубэй мужийн Ухань хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлээр халдварын зургаан тохиолдол шинээр илэрсэн. Түүнээс хойш Ухань хотын 11 сая оршин суугчийг шинжилгээнд хамруулах ажил ид өрнөж байгаа юм.
  • Хонг Конгийн хувьд өчигдөр мэдээлж байсанчлан 66 настай эмэгтэйн гэр бүлийн хүн халдвар авсан нь тогтоогдсон тул дээрх гурван тохиолдлын амьдарч байсан хорооллын хоёр байрны нийт 860 гаруй оршин суугчийг бүгдийг нь шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байна. 

Япон

Япон улсад үндэсний хэмжээнд тогтоосон байсан онц байдлыг хэсэгчлэн зарим муж, орон нутагт цуцлах шийдвэрийг гаргасан байна. Тухайлбал халдварын тархалтын тогтоон барьж, цаашид тархаахгүй байх түвшинд хүргэж чадсан 39 муж, орон нутагт онц байдлыг цуцаллаа. Харин Токио, Осака болон бусад зургаан мужид онц байдлыг хэвээр нь үргэлжлүүлж байна. 

Тавдугаар сарын 21-нд нөхцөл байдлын үнэлгээг дахин хийсний эцэст онц байдлыг цуцлах эсэх тухай шийдвэрийг гаргахаар болсон.

АНУ

Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс COVID-19 халдвартай холбоотойгоор гарч байж болзошгүй хүүхдийн өвчлөлийн талаар эмч нарт хандан анхааруулга, зөвлөмжийг гаргалаа. 

Кавасаки хам шинж өвчлөлтэй төстэй, эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинжийн өвчлөл тус улсын 18 муж улс болон Вашингтон ДиСи-д бүртгэгдээд байгаа юм. Уг өвчлөлийн хам шинж нь Европын олон улсад бүртгэгдсэнийг бид өмнө нь мэдээлсэн билээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.