Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Узбекистан улс экс ерөнхийлөгчийнхөө охины хулгайлсан $10 саяын хөрөнгийг Францаас хүлээж авжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгч агсан Ислам Каримовын охин Гульнара Каримовагийн хууль бусаар олж авсан $10 саяын үнэлгээтэй эд хөрөнгийг Франц улсаас хүлээж авснаа Узбекистаны засгийн газар өчигдөр мэдээлжээ.

Хөрөнгийг тус улсын эрдэнэсийн сан хөмрөгт шилжүүлснийг хууль зүйн яам нь мэдээлсэн ч яг ямар эд зүйлс болохыг дэлгэрүүлээгүй байна.

Каримовагийн нийтдээ $1 тэрбумын дүнтэй хууль бус хөрөнгийг нь гадаад орнуудаас буцааж авахаар Узбекистаны засгийн газар 2017 оноос эхлэн ажиллаж байгаа юм.

Нэг үе Узбекистаны дараагийн удирдагч болох ирээдүйтэй гэгдэж байсан Каримова 2014 онд эцгийгээ ерөнхийлөгч байх үед гэрийн хорионд орсон байна.

2016 онд Ислам Каримов өвчний улмаас нас барж, одоогийн ерөнхийлөгч Шавкат Мирзиёев түүнийг залгамжилж байв.

2017 оны арванхоёрдугаар сард Каримовад шүүхээс 10 жилийн хорих ял оноосон ч сүүлдээ гэрийн хорионд шилжүүлж, ялын хугацааг нь 5 жил болгон бууруулжээ.

Гэвч 2019 оны гуравдугаар сард тэр гэрийн хорионы журмыг зөрчсөн тул дахин шоронд хорьж байв.

Энэ оны гуравдугаар сард Каримовагийн луйвар, мөнгө угаалтын хэргүүд илэрч, нэмэлт 13 жил, дөрвөн сарын хорих ял сонсжээ.

Одоо Швейцарь, АНУ, Швед, Нидерланд улсуудад экс ерөнхийлөгчийн охинтой холбоотой их хэмжээний хөрөнгө мөнгөний хэргүүдийг шалгаж байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty