Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Хятадаас бүх харилцаагаа салгахаар сүрдүүлж, Ши Жиньпинтэй ярилцах хүсэлгүй байгаагаа мэдэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Fox Business Network сувгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ярихдаа коронавирусийн цар тахалд Хятад улсыг буруутгаж байгаагаа дахин илэрхийлжээ.

Энэ үеэр тэр Хятад улстай бүх харилцаагаа салгавал $500 тэрбумыг хэмнэх боломжтой тухай ярьсан нь АНУ-ын тус улсаас жил бүр авдаг импортын барааны хэмжээ байв.

“Би уг нь Хятад улс, Ши Жиньпин даргатай маш сайн харилцаатай байдаг. Гэхдээ яг одоо би түүнтэй ярилцах ямар ч хүсэлгүй байна. Тэд цар тахал дэгдээхгүй байх боломжтой байсан. Хятад улс миний урмыг маш ихээр хугаллаа. Худалдааны гэрээг үзэглээд бэх нь хатаагүй байхад тахал дэгдлээ” гэж Трамп ярьжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр Вашингтон, Бээжингийн талууд нэгдүгээр үе шатны худалдааны гэрээг байгуулж, Хятад улс АНУ-аас нэмэлт $200 тэрбумын бараа бүтээгдэхүүнийг хоёр жилийн хугацаанд худалдаж авах үүрэг хүлээж байсан юм.

Өчигдөр ярихдаа Трамп “тэд манайхаас $250 тэрбумын бараа худалдаж авах ёстой” гэж хэлсэн байна. Нэмэлт $50 тэрбум нь ямар учиртайг тэр тайлбарлаагүй юм.

Гэхдээ коронавирусийн цар тахлын улмаас хоёр улсын дунд байгуулагдсан худалдааны гэрээ хэрэгжих эсэх нь эргэлзээтэй болоод байгаа. Тухайлбал Хятад улсад АНУ гахайн мах нийлүүлж чадахгүй болсон байх магадлалтай.

Цар тахлын улмаас Америкийн компаниудын үйлдвэрлэл нь зогсож, өөрийн дотоодын зах зээлийг ч хангаж чадахгүй болоод байгаа юм.

Нөгөө талд Хятадын эдийн засаг бас хүнд байдалтай байгаа. Тухайлбал энэ оны нэгдүгээр улиралд Хятадын эдийн засаг 6.8 хувиар агшсан нь дотоод зах зээлийн эрэлтийг бууруулах сөрөг нөлөөтэй байна.

Өчигдрийн ярилцлагын үеэр Дональд Трамп бас хэт глобальчлагдсан худалдааны сүлжээг хурцаар шүүмжилжээ.

“Хангамж, нийлүүлэлтийн тэнэг сүлжээ бүх дэлхийг бүрхсэн байна. Манай бүх бараа бүтээгдэхүүн дэлхийн олон улс оронд хэсэг хэсгээрээ үйлдвэрлэгддэг болжээ. Тэдгээрийн нэг нь муудахад бүх зүйл баларч байна. Бидэнд ийм сүлжээ байх хэрэггүй. Бүгдийг нь Америкт хийдэг болох ёстой. Манай компаниуд бүгдийг хийж чадна” гэж тэр ярьсан байна.

 

Эх сурвалж: Reuters