Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахалд ганц ч хүний амь гарздаагүй байгаа Вьетнам улс британи нисгэгчийн амийг аврахаар бүх хүчээ дайчилж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Вьетнамын эрх баригчид коронавирусийн цар тахалтай сайн тэмцсэний үр дүнд ганц ч хүний амь хохироогоогүй, ердөө 288 халдварын тохиолдолтой байгаа юм.

 Харин Vietnam Airlines компанид нисгэгчээр ажилладаг, 43 настай Британийн иргэний амь нас дээсэн дөрөөн дээр ирж, түүнийг аврах үйлсэд улс үндэстнээрээ анхаарал хандуулаад байна.

“Өвчтөн 91” гэж нэрлэгдэж байгаа нисгэгч гуравдугаар сарын дундуур Хо Ши Мин хотын нэг баарнаас халдвар авсан юм. Тус бааранд үйлчлүүлсэн 4,000 гаруй хүнийг илрүүлж, шинжилгээ авахад 18 нь халдвартай гарч байжээ.

Тэдний дундаас өнөөдөр зөвхөн британи нисгэгчийн биеийн байдал огцом муудаж, эрчимт эмчилгээ хийлгэж байна.

Мягмар гарагт Вьетнамын эрүүл мэндийн сайд тус улсын шилдэг эмч мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцсаны үр дүнд өвчтөний уушгийг солих шийдэлд хүрсэн юм.

Энэ асуудал Вьетнамын иргэдийн анхаарлын төвд орж, өнөөдрийн байдлаар 10 хүн сайн дураар донор болох хүсэлтээ ирүүлжээ.

Тэдний дотор 70 настай ахмад дайчин байгааг төрийн төв хэвлэл мэдээлсэн байна.

Өвчтөний уушгины ердөө 10 хувь одоо ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 30 гаруй хоног амьсгалын аппараттай байгаа гэнэ. Вьетнам улсын засгийн газар британи нисгэгчийн амийг аврахын тулд нийтдээ 5 тэрбум дон ($200,000 орчим) зарцуулаад байгааг VNA (Vietnam News Agency) агентлаг мэдээлжээ.

Гуравдугаар сард Хятад улс нэг өвчтөний хос уушгийг амжилттай шилжүүлэн суулгаж, Covid-19 өвчнөөр амиа алдах аюулаас аварснаа зарлаж байв.

Вьетнам улсын хувьд цар тахлыг ганц ч хүний эндэгдэлгүй давж чадвал Хятадаас дүрвэж буй гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад чухал нөлөөтэй гэж үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters