Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хорио цээрийн дэглэмийн үеэр Япон улсын иргэдийн дунд амиа хорлох үзэгдэл буурчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Япон улсад өнгөрсөн дөрөвдүгээр сард амиа хорлох үзэгдэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Коронавирусийн цар тахал иргэдийн сэтгэл санаанд айдас, дарамт үүсгэж, амиа егүүтгэх явдал нэмэгдэнэ гэж төсөөлж байсан нь ийнхүү эсрэгээр эргэсэн байна.

Үүнээс гадна амиа хорлохыг хүссэн хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг утасны үйлчилгээнүүдийн нэлээд нь цар тахлын оргил үеэр хаагдсан нь сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлол байсан юм.

Гэтэл энэ оны дөрөвдүгээр сард Японд 1,455 хүн амиа хорлосон нь 2019 оны дөрөвдүгээр сарынхаас 359-өөр буурсан үзүүлэлт болжээ.

Тус улсад амиа хорлолт 2003 онд оргил үедээ хүрч, нийт 34,000 хүн хорвоог сайн дураар орхиж байв. Өнгөрсөн онд энэ тоо 20,000 гаруй болж буурсан байна.

Дөрөвдүгээр сарын дундуур Японд коронавирусийн цар тахал оргилдоо хүрч, өдөрт 500 гаруй халдварын тохиолдол илэрч байжээ. Ингээд засгийн газар нь дөрөвдүгээр сарын 16-наас эхлэн хөл хорионы дэглэм тогтоосон юм.

Хүмүүс гэртээ ихэнх цагийг өнгөрөөж, сургуулиуд хаагдсан нь амиа хорлолт багасах гол хүчин зүйл болсон гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Сүүлийн жилүүдэд өсвөр насныхны дунд амиа хорлолт нэмэгдээд байсан бол сургуулиуд хаагдаж хүүхдүүд гэртээ байх болсон нь сайн үр дүнд хүргэжээ. Жил бүрийн дөрөвдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэх үеэр сурагчдын сэтгэл санааны дарамт нэмэгдэж, амиа хорлох үзэгдэл нэмэгддэг юм байна.

Харин насанд хүрэгчдийн хувьд үндэсний хэмжээний ямар нэг гамшиг тохиолдоход амиа хорлолт буурдаг уламжлалтай ажээ. Тухайлбал газар хөдлөлт, цунами, цөмийн станцын осол зэрэг гамшгийн үеүдэд хүмүүс “амиа хорлох талаар бодох завгүй” болдог нь үүнд нөлөөлдгийг Японы Амиа Хорлох Явдалтай Тэмцэх Холбооны тэргүүн Юкио Сайто тайлбарласан юм.

Үүнээс гадна урт цагаар ажилладаг япончууд өнгөрсөн сард ихэнх цагийг гэр бүлтэйгээ өнгөрөөсөн нь бас нэг хүчин зүйл болсон байна. Гэхдээ хямрал бүр амиа хорлох үзэгдлийг багасгадаггүй гэнэ. Тухайлбал 1997 оны Азийн эдийн засгийн хямралын дараа амиа хорлолт Японд 35 хувиар нэмэгдэж байжээ. Тиймээс цар тахлын дараа үүсэх эдийн засгийн сөрөг нөлөө энэ үзэгдлийг сэргээх магадлалтай юм байна.

 

Эх сурвалж: The Guardian