Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн онд улс орнууд нийт $73 тэрбумыг цөмийн зэвсэгт зарцуулсны талыг нь АНУ гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Цөмийн зэвсэгтэй улс орнууд өнгөрсөн онд нийтдээ $73 тэрбумыг зэвсэглэлд зарцуулсан нь хүйтэн дайны үеэс хойш хугацааны дээд үзүүлэлт болжээ. Үүний бараг тал хувийг нь АНУ дангаараа гаргасан байна.

Энэхүү тоо баримтыг Цөмийн Зэвсгийг Устгах Олон Улсын Хөдөлгөөн (Ican) байгууллага тооцоолж гаргажээ.

2019 онд цөмийн зэвсэгтэй есөн улс нийтдээ $72.9 тэрбумыг зэвсэглэлд зарцуулсан нь өмнөх оноос 10 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний $35.4 тэрбумыг Дональд Трампын засаг захиргаа гаргажээ.

Судалгааг ахалсан Алишиа Сандерс-Закре “Цөмийн зэвсэгт хөрөнгө мөнгө зарцуулснаар дэлхий нийтийн аюулгүй байдал дээрдэхгүйг өнөөдрийн цар тахал улам бүр тодорхой харуулж байна. Ялангуяа цөмийн зэвсэгтэй есөн улсын эрүүл мэндийн систем доголдож, эмч мэргэжилтнүүдийн хангамж хүрэлцэхгүй байгаа нь үүнийг баталж байгаа юм” гэж мэдэгдсэн байна.

Ican байгууллагын тооцоолсноор 2019 онд ОХУ нийт $8.5 тэрбумыг цөмийн хөдөлгүүртэй алсын тусгалын пуужин, тив алгасах далавчит пуужин зэрэг шинэ зэвсэглэлд зарцуулжээ.

Харин АНУ, ОХУ-аас харьцангуй бага тооны цөмийн зэвсэгтэй Хятад улс нийтдээ $10.4 тэрбумыг зэвсэглэлээ өргөжүүлэхэд зарцуулсан байна.

АНУ-ын конгрессийн төсвийн мэдээллээс харвал ирэх 10 жилд тус улс цөмийн зэвсэгт нийтдээ $500 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ.

Энэ нь Барак Обамагийн засаг захиргааны төсвөөс 23 хувиар буюу $100 орчим тэрбумээр нэмэгдсэн дүн юм байна.

 

Эх сурвалж: The Guardian