Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Харуулын цэгийн сонор сэрэмж алдсан хэмээн байлдагчийн биед гэмтэл учруулсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Ховд аймагт цэрэг зодсон хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Энэ оны дөрөвдүгээр сарын 28-29 нд шилжих шөнө Ховд аймгийн Зэвсэгт хүчний...дугаар ангийн харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Б-г түрүүч Б нь харуулын цэгийн сонор сэрэмж алдсан гэх үндэслэлээр эрх чөлөөнд нь халдаж, гэмтэл учруулсан асуудал цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байна. 

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр янз бүрийн байр суурийн мэдээлэл гарч байна. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабаас албан мэдээлэл өгсөн байсан.

Уг асуудалтай холбоотойгоор энэ оны тавдугаар сарын 4-ны өдөр Ховд аймгийн Цагдаагийн газарт иргэн Э-гээс гомдол ирсэн даруйд цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэн явуулж байгаа. 

2020 оны тавдугаар сарын 9-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3.1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэхээр яллагдагчаар татах саналыг аймгийн прокурорын газарт шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл, энэ хэрэг хугацаат цэргийн алба хааж буй байлдагч, түрүүч нарын хооронд гарсан бөгөөд шалгаж буй байгууллага бодит үнэнийг тогтоох чиглэлээр ажил үргэлжилж байна" гэв.