Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар хэсэг хугацаанд “тааралдахгүй” байхаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдварын сэжигтэнд тооцогдож байгаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс хэсэг хугацаанд ерөнхийлөгч Дональд Трамптай биечлэн харьцахгүй байхаар болсныг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Пэнсийн хэвлэлийн төлөөлөгч Кэти Миллерийн шинжилгээний хариу эерэг гарч, коронавирусийн халдвар авсан нь тодорхой болсон юм.

Үүний дараа шинжилгээний хариу нь сөрөг гарсан хэдий ч Майк Пэнс өөрийгөө тусгаарлах арга хэмжээ авч эхэлсэн тухай хэвлэлүүд мэдээлж байв. “Дэд ерөнхийлөгч өөрийгөө тусгаарлах арга хэмжээг авч эхэлсэн. Үүнийгээ хэзээ зогсоохыг ноён Пэнс өөрөө шийднэ” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Мягмар гарагт болсон хэвлэлийн  хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Өнгөрсөн Даваа гарагт Цагаан ордны Роуз Гарденд болсон Трампын хэвлэлийн хуралд Майк Пэнс оролцоогүй юм. Бямба гарагт АНУ-ын армийн удирдлагуудтай Трампыг уулзахад дэд ерөнхийлөгч мөн байгаагүй.

Пэнсийн шадар хүнээс коронавирусийн халдвар илэрсний дараа Цагаан ордны ажилтнуудад амны хаалт заавал зүүх, хоорондоо зайтай харьцах шаардлага тавьж эхэлжээ.

Мөн Трампын ойр ажилладаг хүмүүс өдөр бүр шинжилгээ өгдөг болсон байна. Удахгүй Цагаан ордонд нэвтрэх эрхтэй сэтгүүлч нар ч өдөр бүр шинжилгээ өгдөг болох гэнэ.

 

Эх сурвалж: Reuters