Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-д сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг нэг долоо хоногоор хойшлуулжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Сөүл хотын Итэвон клубээр үйлчлүүлсэн иргэнээс KОВИД-19-ийн халдвар илэрч, түүнээс халдвар авсан хүний тоо 100-гаас илүү давсантай холбогдуулан цэцэрлэг, бага, дунд, ахлах ангийн танхимын сургалтыг эхлүүлэх товыг нэг долоо хоногоор хойшлуулжээ. 

Тус улсын Боловсролын яамнаас танхимын сургалтыг эхлүүлэх товыг бага, дунд, ахлах анги тус бүрээр долоо хоногоор хойшлуулах шийдвэрийг гаргаснаа мэдэгдсэн байна. Тухайлбал,

  • Ахлах сургуулийн гуравдугаар ангийн хичээлийг тавдугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэхээр байсныг 20-ны өдрөөс,
  • Ахлах сургуулийн хоёрдугаар анги, дунд сургуулийн гуравдугаар анги, бага сургуулийн 1-2 дугаар ангийн хичээл болон цэцэрлэгийн үйл ажиллагааг 27-ны өдрөөс,
  • Ахлах сургуулийн нэгдүгээр анги, дунд сургуулийн 2 дугаар анги, бага сургуулийн 3-4 дүгээр ангийн хичээлийг 6 дугаар сарын 3-ны өдрөөс, дунд сургуулийн нэгдүгээр анги, бага сургуулийн 5-6 дугаар ангийн хичээлийг 6 дугаар сарын 8-ны өдрөөс тус тус эхлүүлэхээр болсон байна. 

Тус улсын ахлах сургуулийн гуравдугаар ангийн сурагчдын буюу манайхаар ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын төгсөлтийн шалгалтыг улсын хэмжээнд жил бүр дөрөвдүгээр сард зохион байгуулдаг байсан бол КОВИД-19 халдварын тархалттай холбогдуулан энэ жилийн төгсөлтийн шалгалтын тов удаа дараа хойшлогдож байгаа юм байна.

Одоогийн байдлаар уг төгсөлтийн шалгалтыг хичээл эхэлснээс хойш нэг хоногийн дараа буюу тавдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар тогтоосон байна.

Ахлах сургуулийн гуравдугаар ангийн сурагчид төгсөлтийн шалгалтыг нэг өдөр тест хэлбэрээр эх (cолонгос) хэл, математик, англи хэл, солонгосын түүх, байгалийн/нийгмийн шинжлэх ухаан гэсэн таван чиглэлээр өгдөг. 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам