Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгогчийн боловсролд РЕФОРМ хийх цаг иржээ

ikon.mn
2020 оны 5 сарын 13
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

УИХ-ын ээлжит сонгууль хэзээ мөдгүй болох гэж байгаа энэ үед хаа сайгүй уяа сойлгоо тааруулж, усалж, тордох болсон улстөрчдийн хийрхэл олширч байна.

-“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн үг бол төрийн хүний шалгуур үзүүлэлтийг маш товчхон, ойлгомжтой илэрхийлсэн “философи” юм. Гэрээ засч, төвхнүүлж амжаагүй яваа бол төрийг засах тухай яриа байхгүй гэсэн санаа. Гэтэл учир мэдэхгүй “цүнх баригчид” улс төр рүү шунан тэмүүлж, улайран дайрч байна.

Залуу нэр дэвшигчид мэдлэг боловсролын хувьд туршлагатай нэр дэвшигч, улс төрчидтэй эн тэнцүү ч ажил, амьдралын туршлага дутмаг, эрсдэл хүлээх чадвар сул гэдгийг сонгогч та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тухайлбал, АНУ-ын сенатийн одоогийн бүрэлдэхүүнд 40-өөс дээш насныхан байгаа нь хувь хүний байр суурь, үзэл бодол төлөвшсөн нас гэж үздэгтэй нь холбоотой.  Харин манай улсын хувьд УИХ-д сонгогдсон 76 гишүүний 50 хувийг 50-иас дээш насныхан эзэлдэг. Өөрөөр хэлбэл, аль ч улс орны иргэд ажил, амьдралын туршлагатай, буурь суусан хүнийг өөрсдийн төлөөллөөрөө сонгохыг эрмэлздэг нь харагдаж байна.

Судалгааны байгууллагууд сонгуулийн дараа “Сонгогчдын боловсрол нимгэн байна” гэдэг үгийг сүүлийн 25 жил хэрэглэсэн бол одоо “нэр дэвшигчдийн боловсрол нимгэн” гэдэг шинэ үг тренд болох шинж тэмдэг эхэллээ.

Арга ч үгүй дээ “Харьсан бөх, Таргалсан мисс, Тарсан хамтлаг төрд гарч, Инженер, Эмч, Багш нар Солонгос явдаг болсон цагт амьдарч байгаа бидний хувьд сонгуулийн оролцоо, сонгогчийн боловсролд реформ хийх цаг болжээ.

Өнөөдрийн өөхөөр өөрийнхөө ирээдүйг худалдахаа зогсоож та бидний амьдралд хэн нь өөрчлөлт авч ирж чадах вэ гэдгийг жанжин шугамаа болгож сонголтоо хийхэд суралцъя. Хэн гоё ярьдаг нь бус, хэн хийж чаддаг нь сонгогдох чухал. Өнөөг хүртэлх хугацаанд УИХ-ын долоон удаагийн сонгууль явагдахад бид худал амлалтыг нь биелсэн мэтээр хүлээж авсаар поп улстөрчдийг олноор төрүүлжээ. Одоо үүнийгээ зогсоож улстөрчдийн босгыг өндөрсгөе. Тулахтай, туршлагатай, мэргэшсэн инженерчид, хуульчид, эдийн засагчид, эх орныхоо төлөө хийж бүтээх сэтгэл зүтгэлтэй “хор нь гарч, элдүүр нь ханасан”  мэдлэг боловсролтой нэр дэвшигчдийг илүүд үзэж, эдгээр салбарын шилдэг удирдагчдыг сонгох нь зөв юм.

Иймд хувь хүн та хэн нэгнээс хараат бусаар өөрийн үзэл бодолд тулгуурлан, төрд төлөөллөө сонгохдоо хариуцлагатай хандаж, сонголтоо хийхийг уриалж байна.