Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Батлагдсан тохиолдлууд 2-13 хоногийн дараа, нэг хүнд 1-6 удаа шинжилгээ хийсний эцэст оношлогдож байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа COVID-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн клиникийн шинж тэмдэг, тархвар зүй байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ “2020 оны нэгдүгээр сарын 7-ноос хойш бид өнөөдрийг хүртэл нийт 316 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, оношилжээ. Тэдгээрээс коронавирусийн халдвар илрээгүй бөгөөд 78 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын эмнэл зүйн шинж тэмдэгтэй байсан.

Сүүлийн долоо хоногт гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн дөрвөн тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэн. Ингээд нийт батлагдсан тохиолдол 42 болоод байна.

Батлагдсан тохиолдлуудын зарим нь эх орондоо ирээд 2-13 хоногийн дараа, нэг хүнд 1-6 удаагийн шинжилгээ хийсний эцэст онош нь батлагдсан.

Нийт тохиолдлын 60 хувь ОХУ-аас, бусад нь 11 улс, орноос зөөвөрлөгдсөн байгаа юм.

Хүйсийн хувьд, 45 хувь нь эрэгтэй, 55 хувь нь эмэгтэй бол 11-65 насны хүмүүс байна. Тодруулбал, 15-аас доош насны хоёр, 50-аас дээш насны долоон хүн энэ өвчнөөр өвдсөн бөгөөд дундаж нь 35 насныхан байгаа юм.

Эмнэл зүйн хувьд:

  • 40 хувь нь хөнгөн,
  • 35.7 хувь нь дунд,
  • 17 хувь нь хүндэвтэр,
  • 7.3 хувь нь хүнд буюу маш хүнд гэсэн клиникийн явцтай ХӨСҮТ-д эмчлэгдсэн.

Сүүлийн дөрвөн тохиолдлын хувьд биеийн байдал нь хүндэвтэр ирсэн. Тэд нэлээд ядрангуй байснаас гадна бөөлжих, нус гоожих зэрэг олон шинж тэмдэгтэй байсан" гэв.

Үргэлжлүүлэн "Бүртгэгдсэн тхоиолдлуудаас 15 нь эдгэрсэн. Эдгэрч гарсан хүмүүс ХӨСҮТ-ээс гараад 14 хоног сувилалд, 14 хоног гэртээ тусгаарлагдаж байгаа.

Одоогийн байдлаар эдгэрсэн хүмүүсийн тав нь сувилалд, хоёр нь ХӨСҮТ-д, нэг нь гэрийн ажиглалтад байна. Үлдсэн долоон хүний ажиглалт, хяналтын хугацаа нь дууссан.

Тэд гуравдугаар сарын 15,16,17-ны тусгай үүргийн онгоцоор ирж, халдвар нь оношлогдож эмчлэгдсэн. Ер нь гуравдугаар сарын 16-17-ны өдөр онош батлагдсан 16 тохиолдол байсны 15 нь эдгэрээд байна.

Нэгийнх нь биеийн байдал сайжирч байгаа бөгөөд удахгүй эдгэрнэ.

Түүнчлэн бид өнөөдрийг хүртэлх хугацаанд вирус судлалын лабораторид нийт 11 мянга гаруй шинжилгээ хийсэн байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Дорнод, Дархан-Уул, Ховд, ХӨСҮТ-д хоёр, ЗӨСҮТ-д нэг гээд вирус судлалын нийт зургаан лаборатори ажиллаж, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээг хийж байна.

Мөн тэдгээрийн хажуугаар томуугийн тандалтын шинжилгээг ХӨСҮТ байнга авч буй бөгөөд долоо хоног тутам 90-120 хүнээс шинжилгээ авч байгаа. Өмнөх долоо хоногт л гэхэд вирус судлалын лабораторид 91 хүний сорьцод шинжилгээ хийсэн.

Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ-ээс 12 тусгаарлан ажиглах байранд 4,880 хүнд тандалт судалгаа, шинжилгээ хийжээ.

Мөн ачаа тээврийн 98 жолоочийг тусгаарлаж, шинжилгээ хийж ажиллаж байна" гэдгийг нэмж хэлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/531501447737737/?v=531501447737737

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.